Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, нойтон цас орж, цасан шуурга шуурна, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар, 4-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 5-нд говийн бүсийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 2-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Монел”-ийн 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 12:04 цагт очиход иргэн Х-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын Буянт-Ухаа багийн 3 дугаар гудамжтнд автомашины хуучин дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 17:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 17:27 цагт очиход иргэн Э-ийн хашаанд автомашины хуучин дугуй шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 21:47 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 21:52 цагт очиход иргэн Г-ын “Делика” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны 51 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 22:24 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 22:28 цагт очиход иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн “Харгиастай” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 15 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 285 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 03.31-ны өрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 16:30 цагт унтраасан. Уг түймэрт 4000 га талбай шатсан. 

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 37 км-т Ө-51°14’24.0″ У-100°22”12.0”/   03.31-ний өдрийн 08:01 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн ООГФХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онгцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёго” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 47 км-т, Ө-51°06’36.0″ У-100°27’0.0”/ 03.31-ний өдрийн 08:22 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онгцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, Ө-51°13’12.0″ У-100°23’24.0”/ 03.31-ний өдрийн 14:42 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс хүлээн авсан.  Тус аймгийн Онгцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т, Ө-51°22’48.0″ У-100°17’24.0”/ 03.31-ний өдрийн 15:24 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газараар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Модон завод” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 134 км-т, сумын төвөөс урд зүгт 36 км-т/ Тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ 10.29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 10.29-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 2020.11.04-ний өдрийн 08:30 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус багийн Модон завод гэдэг газраас “Ерөөгийн гүүр”гэдэг газар хүртэл завиар 50 км-т, 2 дугаар бүлэг голын эрэг дагуу явганаар 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 18:15 цагт зогсоосон. 2021.03.30-ны өдрийн 18:11 цагт Ерөө сумын экологийн цагдаагийн байцаагч Ерөө сумаас зүүн урд зүгт 70 км зайд “Цагаантохой” гэдэг газарт голд цогцос байна гэсэн мэдээллийг өгсөн. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 03.31-ний өдрийн 05:30 цагаас хөдөлгөөн үйлдэж 08:47 цагт очиж Ерөө голын мөсөнд наалдаж хөлдсөн цогцсыг 10:46 цагт гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Хүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Саахалт айлаасаа гэрлүүгээ явж байсан морьтой хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 03.31-ний өдрийн 22:14 цагт хүлээн авсан. Ц /5 настай, эрэгтэй/-нь саахалт айлынхаасаа гэр лүүгээ явах замдаа сураггүй болсныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04.01-ний өдрийн 02:53 цагт тус багийн “Жалгар” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 3 км-т/-аас эсэн мэнд олсон.   

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top