Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутаг руу явах иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна

z15_20210331103057.jpg

Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг УОК-ийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаргасан нийслэлийн Засаг даргын гуравдугаар сарын 27-ны А/211 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна.

Зөвхөн хүндэтгэн үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солилцох ажилчдыг ПСР шинжилгээ, тухайн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргаж байгаа юм.

Мөн гуравдугаар сарын 26-ны УОК-ын 10 дугаар хурлын тэмдэглэлээр хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэрлэлт, хадлан тэжээл, уул уурхайн ээлж солилцохоор зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас шууд олгож байсан.

Тэгвэл өнөөдрөөс Дорноговь аймаг руу хүндэтгэх үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэслийн зөвшөөрлийг тус аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн УОК-ын Шуурхай штабаас олгохоор болж байна. Өөрөөр хэлбэл, Дорноговь аймаг руу зөвшөөрөгдсөн хүрээнд зорчих, тээвэрлэлт хийх иргэд, аж ахуйн нэгж байгууллага заавал аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авч байж, УОК-ын Шуурхай штабаас зөвшөөрөл гаргуулах нь ээ.

Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах үндсэн шалтгааны улмаас иргэдийн зорчих хөдөлгөөний эрчмийг бууруулах шаардлага тулгарсан тул энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хот руу орох иргэдийн хөдөлгөөний хувьд ногоон бүс буюу халдвар илрээгүй бүс нутгаас ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлнэ. Харин өвчлөл бүртгэгдсэн, халдварын тархалтын улаан түвшинд шилжсэн аймгуудаас иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. Учир нь улаан түвшинд шилжсэн зарим аймаг ПСР-ын шинжилгээ авах лабораторигүй байгаа юм.

Харин нийслэлийн ойр орчмын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийг иргэний үнэмлэхийн гэрийн хаягийг үндэслэж нэвтрүүлнэ. Мөн аж ахуйн нэгжийн байгууллагын ажилчдыг тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл буюу ажлын байрны тодорхойлолт, тухайн ажилтны ажлын үнэмлэхийг үндэслэж, асуумжаар нэвтрүүлж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top