Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 5, 6-нд говь, талын нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 3 дугаар багийн “Арангатын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 68 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 68 км замыг туулан 18:36 цагт очиход Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд Дашваанжил ХХК-ийн эзэмшлийн иргэн Ш-ын жолоодож явсан “Бонго” загварын бага оврын ачааны автомашин /ахуйн хэрэглээний 100 орчим газ ачиж явсан/ шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.

 – Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Аргалагийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 374 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ самранд явж байсан 1 иргэн шатаж нас барсан тухай мэдээллийг 03.31-ний өдрийн 03:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 374 км замыг туулан 04.01-ний өдрийн 01:00 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Г/45 настай, эмэгтэй/ нь нөхөр Т/42 настай, эрэгтэй/, охин С, /21 настай, эмэгтэй/ нартай хамт самар түүхээр очсон бөгөөд 03.30-ны өдөр урц нь шатаж, галд өртөж нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

Төв аймгийн Архуст сумын “Тасгийн худаг” гэдэг газарт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 40 км замыг туулан 16:20 цагт очиход иргэн Б-ийн хураалттай өвс шатаж байсныг 8 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн Нисэхийн 3А дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 16:40 цагт очиход 2 метр хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Биологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэр-Эмт багийн “Гашуун худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 11 км-т, Ө-46°13”48.0”, У-106°10”12.0”/ 04.02-ны өдрийн 16:01 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн ООГФХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Бяран” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 68 км-т, Ө-51°51”36.0”, У-98°46”12.0”/ 04.03-ны өдрийн 05:07 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн ООГФХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Үер – Гол, мөрний усны үер: Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Бүрэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ 6 гэр “Хараа” голын халианд автсан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 45 км зам туулан 21:26 цагт очиход “Хараа” голын цөм хахсаны улмаас ус хальж, малчин П, Ш, Г, Д, Э, Б нарын 6 гэр, 35 хүн, 230 толгой мал /бог мал 200, бод мал 30/ усанд автсан байсныг аюулгүй хуурай газарт нүүлгэн шилжүүлсэн.

Бусад цаг агаарын аюулт үзэгдэл: Дорнод аймгийн Халхгол сумын Батсүмбэр 1 дүгээр багийн “Ерэн баатрын хөшөөний доод тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 370 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Иргэн А, О нарын 3 гэр усанд автсан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 11:35 цагт очиход иргэн А-ийн 4 ханатай 2 гэр, О-ын 5 ханатай 1 гэр усанд автсан байсныг аюулгүй хуурай газарт нүүлгэн шилжүүлсэн.

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол : Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “Шижирийн даваа”-ны “Хөндлөн булаг” гэдэг газар автомашин жалга руу унасан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 16:26 цагт хүлээн авсан. Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15 км замыг туулан 17:35 цагт очиж иргэн М-ийн “Ланд круйзер 200” загварын суудлын автомашиныг 57 минут ажиллаж татан гаргасан.

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн “Цагаан түнгэ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км-т, сумын төв-д/Иргэн Т нь 03.31-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 04.02-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчил тус аймгийн харьяат иргэн Т /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top