Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Алтайн уулархаг нутгаар 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 15-20 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-ны өдөр Хөвсгөлийн уулсаар, 9-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 10-ны өдөр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 10-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Мөрөн сумн 4 дүгээр багийн Ноёны гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид 29 км замыг туулан 12:21 цагт очиход иргэн Н-ийн 7х17 метрийн хэмжээтэй байшин, хураалгаатай 5 ханатай 2 гэр тус тус шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн Сансрын гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 14:30 цагт очиход иргэн Б-ын 4×5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 19 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 12:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 12:35 цагт очиход иргэн О-ын 6 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Үйлдвэрийн баруун бүс”-ийн задгай чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 15:41 цагт очиход “Дэвжих Эрдэнэ” ХХК-ийн хашаанд 40 тонны чингэлэг болон эд, зүйл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 18:04 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаан хуарангийн гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 20:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:33 цагт очиход иргэн Ш-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

 3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:        

 Өндрөөс унах: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 15 дугаар гудамж үүрэн телефон холбооны цамхаг дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 22:27 цагт очиход тус дүүргийн 12 дугаар хорооны иргэн Х /19 настай, эмэгтэй, согтуу/ 15 метрийн өндөртэй холбооны цамхаг дээрээс үсрэх гэж байсныг сэтгэл зүйн ярилцлага хийснээр эсэн мэнд буулгаж, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.   

Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Сүүдэр царам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ Тус сумын харьяат иргэн Е нь 03.31-ний өдрийн 15:00 цагийн орчим хээр эвдэрсэн автомашинаа авч ирнэ гэж гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 07:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Е /79 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус сумын Булган багийн “Булган-Уул” гэдэг газраас “Хөх шовх” гэдэг газар хүртэл 10 км-т, Орхон сумын Бүхт багийн төвөөс “Булган-Уул” гэдэг газар хүртэл 15 км-т явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 04.06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Бага мухар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Тус сумын харьяат К нь 04.03-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 10:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн К/14 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.05-ны өдрийн 12:30 цагт тус сумын “Нарангийн гол” гэдэг газар /гэрээс нь 4 км-ын зайтай/-аас цогцсыг нь олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багийн Дарь-Эхийн 5 дугаар гудамжны 8 тоот Иргэн Э нь 04.04-ний өдрийн 22:00 цагийн орчим “Приус 20” загварын суудлын автомашинтай гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э /29 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг Бууцагаан сумын төвөөр болон  хойд зүгт Баян багийн “Бор-Овооны давс” гэдэг газар хүртэл 29 км-т, зүүн хойд зүгт “Улаан-Үзүүр”, “Нөмрөг” гэдэг газар хүртэл 30 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 22:11 цагт түр зогсоосон. 04.06-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР     

scroll to top