Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр байна. Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 5-10 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6-8 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Бөөрөлжийн Майнт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 162 км, сумын төвөөс баруун зүгт 22 км/-т малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 06:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн Б-ийн малын өвөлжөө, хашаа саравч, 300 хонь, 150 ямаа, нийт 450 бог мал шатаж байсныг 1:56 цаг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ногоон дов 2 дугаар багийн 40 тоотод /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км/-т байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ргэн А-ын 8×12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1:40 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5 дугаар гудамжинд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 14:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 14:49 цагт очиж иргэн Б-ын 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 20 метр хашаа, 0.5 га газарт хөрсний өнжмөл өвс, иргэн Г-ын 3х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 1.5 га газарт хөрсний өнжмөл өвс тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан төвийн багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн мэдээллийг 04.07-ны өдрийн 15:56 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд иргэн М-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 4 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 18:02 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 18:10 цагт очиж Яргайтын богино зуслангийн задгайд иргэн Б-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 19:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:01 цагт очиж иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 288 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 21:31 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан иргэн Д-ийн 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын шал шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР     

scroll to top