Хормын төлөөх мөнхийн бэлтгэл буюу амрах сөхөөгүй аврах ангийнхан

d71bd40db9ce65e7e654a03660f950a2.jpg

Хүмүүний алтан амийг аврах нэр төртэй бөгөөд нэн хариуцлагатай албаны эзэд бол Онцгойгийнхон. Тэд бол гал түймэр, ус мөрний үер, цас, зуд зэрэг байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн эсрэг цэх зогсож, эх нутаг, элгэн саднаа цээжээрээ хамгаалдаг эр зоригтон. Гэвч тэд ид шидтэн эсвэл хутагт хувилгаан биш. Ээж, аавын хүү, энхрий үрс, хань бүлийнхээ нөмөр нөөлөг болсон эгэл жирийн эрс. Гагцхүү Монгол Улсын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч, бусдын төлөөх сайхан сэтгэлээрээ жигүүрлэж, гал усны гашуун зовлонг сөрж яваа юм.

Иймд энэ удаагийн “Ажлын нэг өдөр” буландаа Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн аврах бүлгийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Тус анги нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн онцгой байдлын алба хаагч, ангиудын дунд зохион байгуулдаг “Аврагч” тэмцээнд 2000 оноос хойш тасралтгүй тэргүүн байр эзэлсэн шилдэг хамт олон юм.

09:00 цаг. Ээлж хүлээлцэв

Биднийг очиход аврах бүлгүүд ээлж хүлээлцэж байсан юм. Учир нь, тус анги аврах үйл ажиллагаа гүйцэтгэдэг найман бүлэгтэй бөгөөд 24 цагаар тус бүр хоёр бүлэг ээлжлэн ажилладаг юм байна. Энэ өдөр I, II бүлэг ээлжид гарах аж. Ирж буй дуудлагын төрлөөс хамааран аль бүлэг үүрэг гүйцэтгэхийг шийднэ. Ээлж хүлээлцэх явцад багаж нэг бүрийг шалгах бөгөөд бүлгийн дарга нар хяналт тавина. Тэдний ажил минут, секундээр хэмжигддэг учир бэлтгэл, бэлэн байдал хамгийн чухал. Дуудлага ирэхэд машиндаа суугаад гарах ёстой. Энэ үед шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж бэлэн байх учиртай. Иймд тэдний үйл хөдлөл бүр цэгцтэй, багаж хэрэгсэл нь байх ёстой газраа зохих тоогоор байв. II бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахмад Б.Отгонбаяр 2013 оноос одоог хүртэл тус ангид ажиллаж байгаа аж.

Тэрбээр “Манай бүлэг долоон хүний бүрэлдэхүүнтэй. Урин дулаан цагт шар усны үер, ойн түймрийн дуудлага нэмэгддэг. Тиймээс бид өдөр бүр бэлтгэл бэлэн байдлаа хангадаг” гэв. Харин I бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч О.Хосбаяр 2018 оноос хойш ажиллаж байгаа гэнэ. Тэрбээр “Манай бүлэг есөн албан хаагчтай. Хот доторх авто осол, өндрөөс унаж, бэртэх, амиа хорлолт зэрэг дуудлагад түлхүү явдаг. Манай бүлгийн онцлог нь эмч, эмнэлгийн албатай хамт үүрэг гүйцэтгэдэг. Ингэснээр бэртэж, гэмтсэн хүнд цаг алдалгүй эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, 103-т шилжүүлдэг” хэмээн танилцуулав.

11:00 цаг. Бэлтгэл, бэлэн байдлын нэг бүрчлэн шалгав

Албан хаагчид ангийн цагийн хуваарийн дагуу хуваарьт үүргээ гүйцэтгээд тун завгүй байх аж. Жишээлбэл, жолооч нар машинаа унтрааж асаах, тоормос, гэрэл гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг шалгаж, бэлтгэл хангана. Энэ мэтчилэн албан хаагчид өөрсдийн хариуцсан багаж, техник өрөө тасалгаандаа цэвэрлэгээ хийх бөгөөд бүлгийн дарга Б.Отгонбаяр, О.Хосбаяр өрөө тасалгаагаар явж, ажил үүрэгтэй танилцана. Эхлээд цэргийн байраар оров. Ээлжид гарч буй албан хаагчид оройн тооноос хойш дуудлагагүй үедээ энд амардаг юм байна. Өрөөнд орвол цэргийн хуаран эсвэл сургуулийн дотуур байрыг санагдуулам хоёр давхар төмөр орууд байршуулжээ. Харин хойд талын ханан дахь модон өлгүүрт аврах ажиллагааны хувцас, хамгаалалтын малгайг цэгцтэй гэгч эгнүүлэн өлгөсөн байв. Уг өлгүүр болон амралтын өрөөн дэх монгол орны газрын зураг шиг хэлбэртэй модон тавиурыг албан хаагчид өөрсдөө урлажээ.

Цааш явсаар “Тавиулан” гэх хаягтай өрөөнд оров. Энд аврагчдын гол туслах, Онцгой байдлын албаны нэрийн хуудас, сүр хүч болсон машин, техникүүд байдаг аж. Зил-130, фургон, камаз эхлээд ховор содон, сүрлэг машинуудыг эгнүүлэн тавьсан нь тун ч сүрлэг. Түүнчлэн моторт завь харагдана. Наадмын дараагаас эхлэн есдүгээр сарын сүүлч хүртэл Туул зэрэг томоохон гол мөрөнд завьт эргүүл гардаг байна. Тус анги хоёр тавиулан буюу автомашины парктай бөгөөд хот доторх болон хотоос гаднах үйл ажиллагаанд ашиглахаар төрөлжүүлэн байршуулсан нь энэ. Он удаан жилийн түүхтэй Зил-130 -ийн будаг огтхон ч халцраагүй байх агаад машинууд ширхэг ч тоосгүй байх нь гайхмаар. Энэ нь хүн бүр хариуцсан ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай ханддагийн илрэл юм. Түүнчлэн тус ангид үйлчлэгчийн орон тоо байхгүй бөгөөд өрөө тасалгаа, машин техник, цонх, тавцан, шал шавхай гээд бүгдийг аврагч залуус өөрсдөө цэвэрлэж, арчина. Мөн ээлжид гарч буй албан хаагчид оройн хоолоо ч өөрсдөө хийдэг гэнэ. Техник хэрэгсэл нь өчигдөрхөн үйлдвэрээс гарсан мэт гялалзаж, ажиллагаанд гарахад хэзээд бэлэн байдгийн шалтгаан нь засвар үйлчилгээ аж. Доод давхрын тавиуланд дугуй засварын өрөөтэй бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ. Дугуй задлах тавцан, эрэг боолт, багаж хэрэгслийн шүүгээний эмх цэгцтэй байдлыг харвал эрчүүд ашигладаг гэхэд итгэмгүй.

Ийн явах зуур тавиулангийн сул зайд хэсэг залуус хийн баг, оппо цувыг асар хурдан хугацаанд өмсөж, тайлж байхтай таарсан юм. Учрыг тодруулбал, энэ сарын 30-нд цэрэгжилтийн спортын аварга шалгаруулах тэмцээнд болох бөгөөд тус ангийн баг ийн бэлтгэлээ базааж байгаа аж. Баг, цув өмсөж тайлах нь тус тусын норматив хугацаатай. Мөн хувийн болон багийн дүнгээр амжилтыг тооцох тул хүн бүр хичээнгүйлэн бэлтгэлээ хийх харагдана.

13:00 Өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулах бэлтгэл

Аврах ажиллагаа үр дүнтэй байх нь аврагчдын ур чадвараас шууд шалтгаална. Тэд хэр ур чадвартай, авхаалж самбаатай байх нь өдөр тутмын бэлтгэлтэй салшгүй холбоотой. Тиймдээ ч өдрийн турш ангийн булан бүрд аврах ажиллагааны бэлтгэл өрнөдөг аж. Хуваарийн дагуу Б.Отгонбаяр, О.Хосбаяр даргатай I, II бүлгийнхэн өндрөөс аврах ажиллагааны бэлтгэлд оров. Энэхүү бэлтгэлийг тусгайлан тохижуулсан танхимд хийдэг аж. Тодруулбал, ангийн зүүн жигүүрт гурван давхар байшинтай тэнцүү өндөр таазтай өрөө бий. Өрөөний нэг ханыг тэр чигт нь хиймэл хад болгон тохижуулжээ. Түүний наад талын хананд уяа, зангилааны төрөл зүйл бүхий үзүүлэн самбар байх бөгөөд чанх дор нь дадлага хийх зориулалт бүхий модон бариулууд байршуулжээ. Энэ тухай ахлах дэслэгч О.Хосбаяр “Ерөнхий найман төрлийн зангилаа бий. Гэхдээ дотроо маш олон төрөлтэй. Уяа зангилаа нь аврагчийн амь настай шууд холбогдоно.

Учир нь, өндрөөс аврах ажиллагааг олстой гүйцэтгэдэг. Энэ үед өөрийгөө бэхлэх, зөв, оновчтой зангилаа ашиглах нь чухал” гэж ярив. Өрөөний эргэн тойрныг ажвал ханын турник, дасгалын вандан, хувцас хэрэгслийн тавиураас илүү тавилгагүй цомхон юм.Харин таазны голоос хэд хэдэн газар бүдүүн олс унжуулж, нисдэг тэрэгний хаалгыг төлөөлүүлэн хийсэн өндөр тавцан байршуулжээ. Ахлагч н.Намсрай, дэд ахлагч н.Бямбасүрэн, Э.Мөнхзул нар өндрөөс аврах ажиллагааны дадлага сургуулилалт хийж үзүүлэв. Ахлагч н.Намсрай гурван давхрын таазнаас унжуулсан олсноос зүүгдэж, “жумаар” хэмээх төмөр гогцоо ашиглан дээш гарав. Нөгөө хоёр нь хамгаалалтын олсноос чанга гэгч барьж, аврагчийг унаж бэртэхээс сэргийлэх аж. Харин туршлагатай аврагч хоромхон зуур гуравдугаар давхарт гарав. Үүний дараа эргэн доош буухаар зэхэв. Ахлагч н.Намсрай яг л хүн аалз шиг давхар хооронд дүүлэх аж.

Тэрбээр хоёрдугаар давхарт зогсолт хийж, олсоо бэхэлсний дараа хоёр гараа суллан, агаарт чөлөөтэй эргэлдэх, хананд хөлөө жийн эрчээ авах зэрэг нь циркийн үзүүлбэр мэт харагдана. Ийн хэдэнтээ нааш, цааш савлахыг харахад өөрийн эрхгүй сандрах мэдрэмж төрнө. Түүнийг бууж ирсний дараа цөөн үг солихуйд “Би хүсэл сонирхлоороо аврагч болсон. Таван жил энэ ангидаа ажиллаж байна. Анх энгийн ажилтнаар орж байлаа. Хугацаат цэргийн алба хаасныхаа дараа онцгой байдлын албанд өргөдөл гаргасан юм” гэв. Ерөөс цаг наргүй энэ албыг сэтгэлтэй хүн л амжилттай гүйцэтгэдэг мэт. Энэ зуур бусад аврагч хувь хувийн үүрэгт ажлаа хийнэ. Аврах ажиллагааны үеэр аврагчид хоорондоо “бэлэн”, “сонслоо”, “дуусга” зэрэг командаар мэдээлэл солилцож сонстоно. Бүлгийн дарга Б.Отгонбаяр “Аврах ажиллагааны хамгийн чухал нь бэлтгэл. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөх хэрэгтэй. Өндрөөс аврах ажиллагааны үед бээлий, өвдгөвч, малгай, шуудаг заавал өмсөх ёстой. Сая хоёрдугаар давхар дээр түр зогсолт хийж буйг анзаарсан байх. Энэ нь нөхцөл байдлыг үнэлж, эрсдлээ тодорхойлж байгаа хэрэг.

Хэрэв амиа хорлох гэж байгаа хүн байвал аль талаас очиж, яаж тусламж үзэхээ шийднэ гэсэн үг. Шууд тэвэрч авлаа гэхэд нөгөө хүн эсэргүүцэл үзүүлэх магадлалтай. Түүний оронд орчны саадыг зөв үнэлж, дотогш жийж оруулбал эрсдэл багатай. Ирж буй дуудлагын нөхцөл байдал харилцан адилгүй учраас тухайн нөхцөлд зөв шийдвэр гаргах нь чухал. Бэхэлгээний олс 250 кг хүртэл даах хүчин чадалтай учраас тасарна гэж айлтгүй. Олсоор авирахдаа тэнцвэрээ зөв хуваарилах хэрэгтэй. Аль болох таазаа доош унагааж, бэлэн болсон тохиолдолд хөлөө нугалаад жийж өгнө. Аврагчдын хувьд өдөр тутмын бэлтгэл хамгийн чухал. Айдсаа дарж, сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй. Энхийн цагт хөлс их урсвал дайны цагт цус бага урсана гэж үг байдаг даа” хэмээн ярив. Бэлтгэлийн явцад алдаа дутагдлаа хэлэлцэж, бие биедээ зөвлөгөө өгөх нь тун найрсаг. Ерөөс аврах ажиллагаа гэдэг итгэл, сэтгэлээ нийлүүлсэн эгэл залуусын нуруун дээр тогтдог аж. Шинээр томилогдон ирж буй аврагчийг олон жил ажилласан хүнд дагалдуулж, ажлын байранд нь сургана.

Мөн шууд аврах ажиллагаанд оролцуулахгүй, хэд хэдэн удаа ажиглаж, суралцах боломж олгодог байна. Яагаад гэвэл, аврагчдад алдаа гаргах эрх байхгүй. 15:00 цаг. Дуудлага Үдийн цайны дараа “СХД-ийн 24 дүгээр хороо, баруун салааны эцэст рашаанд хүүхэд унасан байна” гэх дуудлага ирсэн тул аврагчид хоёр минутын дотор бэлэн байдал хангав. Гэтэл дуудлага буцаагдлаа. Тодруулбал, дуудлага өгсөн айлаас “Хүүхэд авчихлаа” хэмээн эргэн мэдэгджээ. Иймд бид дуудлага хүлээн авах ажилтны өрөөг зорилоо. Дуудлага хүлээн авагч нь 24 цаг үүрэг гүйцэтгэх бөгөөд бүлгийн ахлагч нартай нягт холбоотой ажиллана. Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирсэн дуудлагыг хүлээн авч, нөхцөл байдал, хаягийг тодруулна. Улмаар дуудлагын талаар цаг тухай бүрд нь дарга нарт дамжуулж, үнэн зөв мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Мөн ээлжид гарч буй хоёр бүлгээ алийг нь гаргахыг нь шийддэг аж.

Аврагч, холбоочин, ахлах ахлагч Т.Уранзул “Энэ оны гуравдугаар сарын 15- ны байдлаар 26 дуудлага хүлээн авч, 18 иргэний амь насыг аварч, 14 буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Эдгээр дуудлагад 34 техник, давхардсан тоогоор 166 албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. Хаалга онгойлгох, буцалтгүй нэрвэгдэгч, зам тээврийн осол гэсэн шалтгаант дуудлага зонхилжээ” хэмээн ажил үүргийн хүрээнд танилцуулга хийв. Энэ жил “Ковид-19” тархалтын улмаас хөл хорио тогтоож, аливаа үйл ажиллагааг хориглосон тул дуудлага харьцангуй цөөн байгаа аж. Гэхдээ дуудлага ирэхгүй байлаа гээд тэдэнд налайж суух зав үгүй. Өндөржүүлсэн нөхцөлд байгаа болоод ч тэр үү ихэвчлэн яаруухан алхаж харагдана. Ихэвчлэн оройн цагаар дуудлага нэмэгддэг тухай аврагчид ярьж байсан юм. Гал, усны гашуун зовлонгоос ард иргэдийг аврахаар яарч явахад авто замын түгжрэл, замын хөдөлгөөний соёлгүй жолооч нар ихээхэн төвөг уддаг гэнэ. Иргэдийн болчимгүй үг, үйлдэл тэднийг бага зэрэг эмзэглүүлдэг нь анзаарагдсан юм. Тухайлбал, “Аврах бүлгийн гишүүн бүр тус тусын үүрэгтэй. Түүнийгээ зөрчиж болохгүй. Жишээ нь, жолооч машинаа орхих эрхгүй. Яагаад гэвэл нөхцөл байдал хаашаа эргэхийг таашгүй. Бид урд хаалгаар орсон ч хойд хаалгаар нэрвэгдэгчийг зөөвөрлөх шаардлага үүсэж болно. Тэр тохиолдолд жолооч асар хурдан хугацаанд хойд талд ирэх үүрэгтэй. Гэтэл аврах ажиллагааны үеэр хүмүүс “Чи юугаа хийгээд суугаад байгаа юм” гэж жолоочийг чичлэх нь ч бий. Зарим үед бидэнд иргэдийн дэмжлэг хэрэг болдог.

Гэтэл хүнд дамнуургаас өргөлцөөд өгөхгүй хэрнээ зураг дарж, бичлэг хийдэг. Тэгээд түүнийгээ цахим орчинд элдэв, худал хуурмаг тайлбартай оруулах нь ч бий” гэж нэгэн албан хаагч өгүүлсэн юм. Түүнчлэн бид “Албан үүргээ гүйцэтгэж байгаа учраас тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цоллуулаад байх дургүй. Өнөөдөр гавьяа байгуулсан ч маргааш амь эрсдэж мэдэх ажил шүү дээ” хэмээх ахлах дэслэгчийн үг эрхгүй нэгийг бодогдуулах биз. 17:00 цаг. Төрийн далбаа буулгах ёслол Бүлгийн дарга нарын станц дуугарч, төрийн далбаа буулгах тухай мэдээлэл ирлээ. Монгол Улсын далбааг төрийн, цэргийн бүх байгууллага мандуулж, буулгах үүрэгтэй. Энэ хүрээнд тус анги дотоод журамд заасны дагуу долоо хоног бүрийн даваа гарагт төрийн далбаагаа мандуулж, баасан гарагт буулгадаг аж. Сурсан ёсоор залуус шуртхийн малгайгаа өмсөж, яах ийхийн зуургүй жагсаалын талбайд цуглав.

Төрийн далбаа буулгах ёслолыг Аврах ангийн Цэргийн алба шуурхай удирдлагын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад Ж.Бавуугарьд удирдан явууллаа. Дөрвөн эгнээ үүсгэн зогссон албан хаагчид командын дагуу хоёр эгнээ болов. Дараагаар нь 50 удаа гар дээр суниав. Хүн бүр зэрэг тоолж, нэгэн хэмнэлээр дээш доош болох нь сүрдэм. Ерөөс “Зэрэгц”, “Номхон” командын дагуу яралзтал хөдлөх залуусын жавхаа хаврын жихүүн салхийг зөөлрүүлэх шиг. Жагсаал дунд байгаа албан хаагчдын зарим нь олны нэрлэдгээр десант буюу эрээн цоохор хувцастай. Тэд бол өдрийн ээлжийн албан хаагчид. Тэдэн дунд ганц эмэгтэй зогсоо нь анхаарал татав. Түүнийг н.Мөнхтуяа гэх бөгөөд улсдаа ганц усчин аврагч юм. Ахлах дэслэгч О.Хосбаяр тэргүүтэй дөрвөн хүн жагсаалын талбайн зүүн зүгийн тэнгэрт намирах төрийн далбааны тийш алхахтай зэрэгцэн Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж эхлэв. Энэ үеэр дэслэгч “Ченж” хэмээх нохой хүч түрэн хуцах нь сонстоно. Тэр эрэл, нурангиас аврах ажиллагаанд ашигладаг мөрч нохой юм. Далбааг тун хүндэтгэлтэй буулгадаг аж. Албан хаагчид дэргэд нь очмогцоо цэх зогсон ёсолж, өндрөөс доошлох далбааны тэгш хэмийг алдагдуулахгүйн тулд хоёр талаас нь тэнийлгэн барьж харагдана. Буулгасан далбааг дөрвөн талаас нь нямбайлан эвхэж, нэг нь эрхэмлэн тэвэрч, ахлах дэслэгчийн командын дагуу ангийн байр руу гүйв.

19:00: Тасралтгүй бэлтгэл, сургуулилалт

Дуудлага ирээгүй, ажлын цаг хэдийн хэвийсэн ч албан хаагчдын үүрэгт ажил, дадлага сургуулилалт үргэлжилсээр. Бүлгийн дарга нар албан хаагчдад үүрэг өгч, хяналт тавина. Онцгой байдлын албан хаагчдын дунд өнжихөд хамгийн их анхаарал татсан зүйл бол бүхнийг өөрсдөө хийх чадвар байв. Цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэл, оройн хоол гэхчлэн бүгдийг мөрдэстэй залуус төвөггүйхэн гүйцэтгэнэ. Өдөржин бэлтгэл, сургуулилалт хийсэн залуус сая л нэг оройн хоолны тухай бодох сөхөө гарч, хоёрыгоо гал тогоонд хуваарилав. Харин бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч ахмад Б.Отгонбаяр, ахлах дэслэгч О.Хосбаяр нар шинэ залуу үеэ сургах ажилдаа анхаарал хандуулж эхлэв.

Тус ангид ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 12 оюутан дадлага хийж байгаа юм. Хэдийгээр жижүүрийн алба дуудлагагүй тайван хоносон ч харьж амжилгүй эргэн дуудагдах үе ч бий. Аврагч байна гэдэг нэр төрийн хэрэг. Нөгөөтэйгүүр амь насаараа дэнчигнэсэн онцгой бөгөөд амаргүй алба. Улалзан асах гал руу уухайлан орох зоригт эрс угтаа бол эгэл жирийн ээж ,аавын хүү. Гэвч тэдэнд ухрах эрх үгүй. Удах ч эрх үгүй. Тиймдээ ч үйлдэл бүр норматив хугацаатай. Хэрэв нэг секунд л хожимдвол бусдын алтан амь эрсдэх, гарз хохирлын хэмжээ нэмэгдэнэ. Тиймээс л аврагч залуус нэг хором өрсөж, аюул, ослоос урьтахын төлөө өдөр шөнөгүй, өнө мөнхийн бэлтгэл хийдэг ажээ.

Эх сурвалж: npost.mn

scroll to top