Цасан болон шороон шуурганы аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

-шуурга.png

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө таван аймгийн нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Тодруулбал,

  1. Завхан аймгийн нутгаар 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, нутгийн зүүн хэсгээр цасаар шуурсан байна.
  2. Архангай аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 10-14 метрт хүрэв.
  3. Төв аймгийн нутгаар 0.4-6.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 12-18 метр, зарим үед секундэд 19-21 метрт хүрчээ.
  4. Булган аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, энэ үеэр салхины хурд 10-14 метр, зарим үед 20 метрт хүрсэн байна.
  5. Сэлэнгэ аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-7.0 мм нойтон цас орж энэ үеэр салхины хурд 10-14 метр, зарим үед 16-17 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагджээ.

Тэгвэл цаг агаарын аюултай үзэгдэл өнөөдөр үргэлжлэн ажиглагдсаар байгаа бөгөөд өнөөдрийн 12:00 цагийн байдлаар Өвөрхангайн зүүн, Төв аймгийн баруун хэсгээр хүчтэй салхи, шуурга шуурч байна. 

Түүнчлэн өнөө шөнө Завханы зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Архангайн нутгаар, маргааш өдөр Төв аймгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Маргааш өдөр Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Иймд,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

-Тээврийн хэрэгслийн жолооч нар зайлшгүй шаардлагатай үед хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 -Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

scroll to top