Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн, Хархорин, Говьсүмбэр, Төвийн аймгийн нийт нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

 Төлөв байдал: 13-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар 13-нд өдөртөө дулаарах боловч цаашдаа сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанСэлэнгэ аймгийн Цагааннуур сумын тийрэг 2 дугаар багийн 4 дүгээр хэсэгт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 95 км/-т захиргааны байр шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 04:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 95 км замыг туулан 06:12 цагт очиж, “Сэлэнгэ тариа үртэм” ХХК-ийн захиргааны байр дээвэр шатаж байсныг 06:25 цагт галын тархалтыг зогсоон бүрэн унтраахааар ажиллаж байна. Мөн Цагааннуур сумын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж байна.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар багийн “Шивнээчийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км/-т өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 07:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 26 км замыг туулан 10:25 цагт очиж иргэн А-ийн 15х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1:10 цаг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ногоочид багийн Ногоочдын 3А дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1,5 км замыг туулан 14:46 цагт очиж, иргэн Л-ийн 4х3 хэмжээтэй амбаар шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Эмнэлгийн 6 дугаар гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 15:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:54 цагт очиж, 30х10 метрийн хэмжээтэй нийтийн байранд иргэн Д-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөний таазны хэсэг шатаж иргэд унтраасан байсныг шалгаад буцсан. Тус гал түймэрт иргэн Д/55 настай, эмэгтэй/-гийн цээж, 2 гар, хоолой, нүүрний баруун хэсэг, иргэн С/30 настай, эмэгтэй/-гийн нүүрний баруун хэсэг тосонд түлэгдсэн байсныг НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн 44 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 00:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5.1 км зам туулан 00:50 цагт очиж 44 дүгээр гудамжинд эзэнгүй 5 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 01:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 01:18 цагт очиж 11 дүгээр гудамжинд иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Хижирээгийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.12-ны өдрийн 00:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 43 км замыг туулан 01:41 цагт очиж 2 дугаар гудамжинд иргэн О-ын 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой хээрийн гал түймэр:

Хээрийн түймэрСүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Зүүн яргайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс урд зүгт 100 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Байгаль орчны улсын хяналтын байцаагчаар ахлуулсан ажилтнууд, орон нутгийн иргэд, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид Дарьганга сумын Засаг даргаар ахлуулсан нутгийн иргэд 04.11-ний өдрийн 21:40 цагт түймрийг цурамд оруулж 23:45 цагт бүрэн унтрааж Асгат сумын Байгаль орчины улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн Далай булаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.11-ний өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, “Баянцогт” нүүрсний уурхайн ажилнууд ажиллаж мөн өдрийн 16:10 цагт түймрийг бүрэн унтрааж “Баянцогт” ХХК-ийн нүүрсний уурхайн инженерт хүлээлгэн өгсөн.

4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

 Цас шаварт суусанУвс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр багийн “Зостын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ автомашин цасанд суусан дуудлагыг 04.10-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 60 км замыг туулан 15:45 цагт очиход иргэн Г-ын “Норд бенз”, иргэн А-ын “Пуссо” загварын ачааны автомашинууд цасанд суусан байсныг татаж гаргасан.

Бусад цаг агаарын аюулт үзэгдэлБаян-Өлгий аймгийн Улаанхус сумын Улаан-Эрэг багийн “Улаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 43 км-т, сумын төвд/ “Ховд” голын усны түвшин нэмэгдэж 30 өрх усанд автагдах магадлалтай байна гэсэн мэдээллийг 04.10-ны өдрийн 21:35 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, 04.10-ны өдөр 7 цаг ажиллаж үерийн уснаас хамгаалах 125 метр урт, 0.025 метр өргөн, 0.030 метр өндөртэй далан хийсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонУвс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн “Нарийн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 25 км-т/ иргэн Д нь 04.10-ны өдрийн 01:30 цагийн орчим автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 07:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн Түргэн сумын “Усгүй” гэдэг газраас “Орлого” гэдэг газрын чиглэлд тус аймгийн харьяат иргэн Д/43 настай, эрэгтэй/ “Старекс” загварын бага оврын ачааны автомашинтай зорчиж яваад сураггүй болсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:20 цагт /”Нарийн-Ус” гэдэг газраас зүүн зүгт 2 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн “Сүүжийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ иргэн Ж, Ж нар 04.09-ний 20 цагийн орчим УАЗ 469 загварын суудлын автомашинтай гэрлүүгээ явах замдаа сураггүй болсон тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ж/43 настай эрэгтэй/, Ж /7 настай эрэгтэй/ нарыг мөн өдрийн 13:30 цагт /”Сүүжийн-Адаг” гэдэг газраас хойд зүгт 3 км-т/ “Сүүжийн дунд-Усан” гэдэг газар автомашин нь цасанд суусан байсныг татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР   

scroll to top