Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс аймгийн нутгаар цас орж, шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар 16-18 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна.  Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3 градус хүйтнээс, 2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлэрхэг. Үдээс хойшдоо бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурч, 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 16-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 18-ны өдөр Алтайн салбар уулсаар 16-18 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 16-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар дулаарна.

Объектын түймэр:

2021.04.13-ны өдрийн байдлаар нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 5, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1, мэдээллийн 2 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаантын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.13/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн Б-гийн 3х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, “Яргайт” зуслангийн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.13/Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дугаар ангийн алба хаагчид ажиллаж иргэн А-гийн  16х20 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн зоорь болон дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум Баянхан багт байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.13/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Д-гийн 4 метрийн урттай хашаа шатаж байсныг унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн сум 3 дугаар багийн “Дэнж” хорооллын 2 дугаар гудамжинд Амбаар шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.13/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Я-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум Хэрлэн багийн “Өлзийт” хорооллын 11 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.13/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид ажиллан иргэн А-гийн 3 метрийн урттай хашаа шатаж байсныг унтраасан.     

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Бүрэнхаан багийн “Солонго” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ малчин Б-гийн өвөлжөө шатаж төл мал хорогдсон тухай мэдээллээр /2021.04.13/ орон нутгийн 15 иргэн, 3 автомашин, 4 мотоциклтой ажиллаж малчин Б-гийн 10х10 метрийн хэмжээтэй өвөлжөө шатсаныг унтраасан. Уг гал түймэрт 50 ишиг, 150 хурга, нийт 200 төл мал хорогдсон байна.

scroll to top