Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд 2016 оны зорилтодоо албан хаагчдын, тэр дундаа офицер бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг онцлон дэвшүүлсэн.
Уг зорилтын хүрээнд ОБЕГ Онцгой байдлын албаны офицер бүрэлдэхүүний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, залуу манлайлагчдыг хөгжүүлэх, шилдэг удирдагч болгож төлөвшүүлэх зорилгоор олон улсын JCI байгууллагатай хамтран “Онц офицер” төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, олон улсын JCI байгууллагыг төлөөлж JCI Чэйрмэн салбар байгууллагын ерөнхийлөгч Ё.Баатарбилэг нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Онцгой байдлын албаны офицер бүрэлдэхүүнд удирдахуйн ухаан, улс төр, нийгэм, эдийн засгийн тухай мэдлэг олгох, хувь хүнийг хөгжүүлэх, удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэх, залуучуудын хүсэл мөрөөдөл, ирээдүйд итгэх итгэл, чөлөөт, бүтээлч сэтгэлгээ, ажилдаа хандах хандлага, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт семенар, уулзалт, зөвлөгөөн, чуулганыг энэ сургуулийн жилд тогтмол зохион байгуулах юм.