Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймгийн Бууцагаанд шороогоор шуурч, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Өвархангай, Орхон аймгуудаар цас орж шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд Монгол Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:38 цагт очиж иргэн Б-ын 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо багийн Суварга хайрхан хорооллын 4 дүгээр гудамжинд 5 ханатай гэр бүрэн шатсан тухай мэдээллийг 04.15-ны өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 0.2 км замыг туулан 23:01 цагт очиж иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байсныг 36 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, Ө-51°12’36.0″ У-100°22’48.0″/ 04.16-ны өдрийн 00:42 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 00:47 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 346 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т, Ө-51°12’00” У-100°21’36″/ 04.16-ны өдрийн 03:46 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 03:54 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Хүчтэй салхи шуурга: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзат 6 дугаар багийн нутаг Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны 36 м2 дээвэр 04.14-ний 17:00 цагийн орчим 24 м/с хүчтэй шуурсаны улмаас унасан тухай мэдээллийг 04.15-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус сургуулийн захирлаар ахлуулсан иргэд сургуулийн дээвэр, унасан хэсгийг цэвэрлэсэн.

5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумаас тус аймгийн Сайнцагаан сумын чиглэлд Иргэн Т мотоциклтой 04.14-ний өдрийн 18:00 цагийн үед Дундговь аймгийн Баянжаргалан сум өнгөрөөд явж байна гэж ар гэрийнхэнтэйгээ ярьсанаас хойш сураггүй болсон тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. 06.12 Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Гурвансайхан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Т /42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 16:17 цагт Дундговь аймгийн Сайнцагаан суманд гэртээ эсэн мэнд ирлээ гэсэн мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн 35 дугаар зөрлөг “Хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 68 км/-т Малчин Б /12 настай, эрэгтэй/ 04.15-ны өдрийн 09:00 цагийн орчимд явганаар малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Сайншанд сумын 4 дүгээр баг 35 дугаар зөрлөгийн төмөр замын ажилтнууд 04.15-ны өдрийн 09:30 цагаас эхлэн малчин Б/12 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 10:45 цагт гэрээс нь баруун урд зүгт 7 км-т “Хөндлөн” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг /сумаас зүүн зүгт 9 км/-т Сайхандулаан сумаас отроор ирсэн иргэн Т нь 04.15-ны өдрийн 07:00 цагийн орчим мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 04.15-ны өдрийн 09:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн 04.15-ны өдрийн 09:40 цагаас эхлэн иргэн Т /37 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж мөн өдрийн 17:00 цагт гэрээс нь 8 км-т “Түшлэг” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар багийн /сумын төвөөс хойд зүгт 60 км/-т “Бор хайрхан” гэдэг газар Замын-Үүд сумын иргэн Б нь 04.14-ний өдрийн 23:00 цагийн орчимд мотоциклтой малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 04.15-ны өдрийн 08:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандах сумын 3 дугаар багийн Засаг даргаар ахлуулсан иргэд 04.15-ны өдрийн 10:21 цагаас эхлэн иргэн Б/42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 13:10 цагт сумаас хойд зүгт 53 км-т “Зангуут” гэдэг газраас иргэн Н-ийнд очсон байсныг эсэн мэнд олсон.

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн “Бумбат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойш 120 км, Сумын төвөөс 40 км/-т Малчин Х /60 настай, эрэгтэй/ 04.15-ны өдрийн 10:00 цагийн орчимд мотоциклтой яваад сураггүй болсон тухай мэдээллийг 04.15-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнээр ахлуулсан ажилтнууд 4.15-ны өдрийн 13:30 цагаас эхлэн малчин Х /60 настай эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 15:35 цагт гэрээс нь баруун урд зүгт 3 км-т “Бумбат” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Наран сумын Гүн худаг багийн “Сэхүүл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 260 км, сумын төвөөс баруун зүгт 55 км/-т Малчин Б /58 настай, эрэгтэй/ 04.15-ны өдрийн 14:00 цагийн орчим морьтойгоор малдаа яваад сураггүй алга болсон. Мөн өдрийн 14:30 цагт Э /55 настай, эмэгтэй/ “Приус-11” загварын автомашинтай араас нь яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 04.15-ны өдрийн 16:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:30 цагт иргэн Э-ийг гэрээс нь урд зүгт 4 км-т “Сэхүүл” гэдэг газраас автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олж автомашиныг нь татан гаргаж гэрт нь хүргэж өгсөн. Малчин Б /58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг багийн “Шивээт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 200 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т Малчин Э /42 настай, эрэгтэй/ 04.15-ны өдрийн 15:00 цагийн орчим хониндоо явсан 2 хүүхдийнхээ араас мотоциклтой яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд16:30 цагаас эхлэн малчин Э /42 настай, эрэгтэй/, Э /16 настай, эмэгтэй/, Н/12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 21:20 цагт гэрээс нь урд зүгт 2 км-т “Гүн худаг” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг багийн “Баян” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 220 км, сумын төвөөс урд зүгт 50 км/-т Малчин У /24 настай, эрэгтэй/ 04.15-ны өдрийн 16:00 цагийн орчим мотоциклтой хониндоо яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнаар ахлуулсан ажилтнууд 16:30 цагаас эхлэн У /24 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:45 цагт гэрээс нь баруун урд зүгт 2 км-т “Эрээн толгойт” газраас эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 210 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/-т Малчин А /45 настай, эмэгтэй/ 04.15-ны өдрийн 16:20 цагийн орчим хониндоо явсан 3 хүүхдийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Тус сумын Их булаг багийн Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 16:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:00 цагт 3 хүүхэд /Х, 15 настай, эмэгтэй, О, 11 настай, эмэгтэй, Х, 8 настай, эмэгтэй/-ийг гэрээс нь урд зүгт 3 км-т “Зайсгал” гэдэг газраас, малчин А /45 настай, эмэгтэй/-ыг 21:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 4 км-т “Хоньчийн өвөлжөө” гэдэг газраас тус тус эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Наран сумын Тосонгийн гол багийн “Муруй тойром” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км/-т Малчин Б, Т нар 04.15-ны өдрийн 15:00 цагийн орчим хониндоо явганаар яваад сураггүй болсон дуудлагыг 04.15-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус сумын Иргэдийн хурлын даргаар ахлуулсан ажилтнууд 18:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 23:30 цагт иргэн Т /55 настай, эрэгтэй/-г гэрээс нь баруун урд зүгт 7 км-т “Мэргэн хөтөл” гэдэг газраас, 04.16-ны өдрийн 00:20 цагт Б/58 настай, эмэгтэй/-ыг гэрээс нь урд зүгт 9 км-т “Хүрээт” гэдэг газраас тус тус эсэн мэнд олсон.

Цас шаварт суусан: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хошмог багийн “Баянцагаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 124 км, сумын төвөөс баруун урд зүгт 19 км/-т Малчин С нь автомашинтайгаар 04.15-ны өдрийн 05:40 цагт малдаа яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 13:16 цагаас эхлэн с /43 настай, эрэгтэй, “X-Трайл” загварын автомашинтай/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 15:35 цагт гэрээс нь урд зүгт 7 км-т Хошмог багийн “Цагаан нуур” гэдэг газраас эсэн мэнд олж автомашин нь цасанд суусан байсныг 1:15 цаг ажиллаж татан гаргаж гэрт нь хүргэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top