1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг, салхи баруун өмнөөс 7-12 м/с, 14-16 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 20, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан:Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум. Түмэн багийн “Задгай”-д дугуйт ачигч шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 17:18 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 17:46 цагт очиход “Мандал голомт” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт “Ralex-290 LC-7A” загварын дугуйт өргөгч шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 26 дугаар хорооны “Санто” хотхонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 09:05 цагт хүлээн авсан.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 09:12 цагт очиход 1 дүгээр давхраас 16 дугаар давхар хүртэлх цахилгаан дамжуулах кабел утас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргасан бөгөөд бага зэрэг угаартсан 8 иргэнийг НТТТ-д шилжүүлэн өгсөн.
Говь-Алтай аймаг, Дарви сум. 2 дугаар багийн “Эрдэнэ толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ малчин С-ын 4 ханатай гэр 04.16-ны өдрийн 01:00 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.
Иргэн С-ын 4 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 12:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Баянхонгор аймаг, Баянлиг сум. Хатансуудал багийн “Задгай”-д иргэн Д-ийн 5 ханатай гэр 04.15-ны өдрийн 22:30 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.
Иргэн Д-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 04.16-ны өдрийн 15:08 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Хэнтий аймаг, Биндэр сум. 2 дугаар багийн “Өлзийт” хорооллын 15 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:31 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 16:34 цагт очиход иргэн У-ын 1.5х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 14 дүгээр хорооны “Уяачид”-ын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 16:39 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 18.5 км зам туулан 16:52 цагт очиход тус иргэн Т-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 21 дүгээр хорооны 28 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 18:41 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 18:50 цагт очиход иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хорооны “Баянтөхөм”-ийн 7 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 01:16 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 01:25 цагт очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Говьсүмбэр аймаг, Шивээговь сум. 2 дугаар багийн “Наймтын шороот” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ их бууны сум байгаа тухай дуудлагыг 04.16-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, Тагнуулын хэлтсийн алба хаагчид 53 км зам туулан 13:05 цагт очиход 9 ширхэг 82 мм-ын миномётын 6 ширхэг, 115 мм-ын “Д-30” загварын их бууны сургуулийн 9 ширхэг сум байсныг элстэй хайрцагт хийсэн бөгөөд 04.19-ний өдөр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Тэсэрч дэлбэрэх бодис” хайгуул устгалын бүлэг ажиллаж устгал хийхээр болсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР