Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Сэлэнгэ голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-ний өдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-ны өдөр Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-ны өдөр зарим газраар, 21-22-ны өдөр ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. 19-ний өдөр нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж, 21-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-ны өдөр нутгийн хойд хэсгээр эрс хүйтэрнэ.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Гандан-Уул”-ын 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 07:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 13.5 км замыг туулан 08:10 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгод хэсгийн 20 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:41 цагт очиход, иргэн Г-ын 4х10 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.   

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат баг дахь Нэгдсэн эмнэлэг Уурын зуухны хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 13:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:36 цагт очиход тус уурын зуухны үртэс уугьж, 4 метрийн урттай хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр багийн “Хужир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 138 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т / Хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 04.17-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймаг дахь Хилийн 243 дугаар ангийн Түшиг сум дахь 2 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 16:52 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 3 га талбай шатсан тухай мэдээллийг тус сумын Байгаль хамгаалагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 372 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 44 км-т, Ө-51°10”48” У-100°20”24”/ 04.17-ны өдрийн 17:04 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 17:11 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.         

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 370 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 42 км-т, Ө-51°13”12” У-100°16”48”/ 04.18-ны өдрийн 04:01 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс мөн өдрийн 04:09 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Химийн бодисын осол – Хүчлийн осол: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Улаанбаатар төмөр замын “Сүхбаатар” өртөөний 10 дугаар зам Химийн бодис алдагдсан тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:45 цагт очиж Цагдаагийн газар, Тагнуулын газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Мэргэжлийн хяналтын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, “Сүхбаатар” өртөөний ажилтнууд ажиллаж, Улаанбаатар төмөр замын “Сүхбаатар” өртөөний 10 дугаар зам дээр ОХУ-аас хүхрийн хүчлийн бодис тээвэрлэж явсан вагон /20 тонны ёмкос/-ны илүүдлийн цоргоны боолт суларснаас “хүхрийн хүчил” алдагдаж байсныг боолтоор нь чангалан зогсоож, 45 хувийн содын уусмалаар саармагжуулалт хийж аюулгүй болгосон. Тухайн хэсгийн хөрснөөс дээж авч шинжлэхэд хөрсний бохирдол 12 дахин их байсан тул саармагжуулалт хийж, 3 куб хөрсийг хуулан авч дахин шинжлэхэд хэвийн хэмжээнд хүрсэн бөгөөд 4 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.

Зам, тээврийн осол – Автозамын тээврийн осол: Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Өндөр хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт  8 км-т/ Булган сумаас Орхон сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын хажуу руу унаж, автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 07:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 8 км замыг туулан 07:15 цагт очиход “Приус 20” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, дотор нь жолооч М /25 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд ачааны автомашин автозамын хажуу руу унаж, шатахуун асгарсан тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:38 цагт очиход иргэн Д-ийн жолоодож явсан “Маяти” загварын ачааны автомашин автозамын хажуу руу унаж, шатахууны савнаас нь 20 л орчим шатахуун асгарсан байсныг саармагжуулж аюулгүй болгосон.

Усны осол: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн “Их булан” гэдэг газар “Ховд” голын мөсөн дээр хүний цогцос байна гэсэн дуудлагыг 04.17-ны өдрийн 14:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:11 цагт очиж, тус сумын харьяат Ж /42 настай, эмэгтэй/-ийн цогцос голын мөсөн дээр байсныг гаргаж, Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 7 дугаар гудамжинд нүхэнд хүн унаж, бэртсэн тухай дуудлагыг 04.17-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 11.5 км замыг туулан 12:53 цагт очиход иргэн Т /37 настай, эмэгтэй/ жорлонгийн шинээр ухаж байсан 3 метрийн гүнтэй нүх рүү унаж, нуруу хэсгээрээ бэртсэн байсныг 29 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top