Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 6-11 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд зарим газраар, 21, 22, 23-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-нээс нутгийн хойд хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Хан талст” худалдааны төвийн зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:10 цагт очиход иргэн Т-ын эзэмшлийн “Ширэн бээлий” боксын клубын 20х18 метрийн хэмжээтэй өрөөний агааржуулалтын хоолой доторх хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 09:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 09:20 цагт очиход иргэн А-ийн “Пронтер” загварын бага оврын ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 4 дүгээр хэсгийн 128 тоотод Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ний өдрийн 21:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 1.6 км замыг туулан 21:16 цагт очиход иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй өрөөний баруун хойд талын хананы хэсэг шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 22:58 цагт очиход иргэн Д-ийн “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх багийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 23:55 цагт /23:59 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 23:58 цагт очиход иргэн Ж-ийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн таазны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Баянцагаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т, Эрдэнэцагаан сумын төвөөс баруун зүгт 90 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, Хилийн 0184 дугаар ангийн алба хаагчид, Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар, Асгат сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд 6 бүлэгт хуваагдан:  1 дүгээр бүлэг түймрийн баруун хэсгийн “Талын агуй”, “Шилийн богд” уулын баруун талд, 2 дугаар бүлэг түймрийн баруун урд хэсгийн “Сиймхий-Ухаа толгой” гэдэг газар, 3 бүлэг түймрийн зүүн урд хэсгийн “Ачаатын-Уул”, “Жаргалант-Уул”-ын орчимд, 4 дүгээр бүлэг түймрийн зүүн хойд хэсгийн “Ханан сүүдэрт-Уул” орчимд, 5 дугаар бүлэг “Шилийн богд”-оос зүүн хэсгийн 20 км-т “Ац хар-Уул”, “Богдын-Эмээлт” гэдэг газар, 6 дугаар бүлэг “Шилийн богд” уулаас зүүн урд зүгт 40 км-т “Цайдам хөндий” гэдэг газар хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Цагдаа” хотхоны 13/7 дугаар байрны тагтан дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 04.18-ны өдрийн 22:57 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:06 цагт очиход тус байрны иргэн Ц /38 настай, эрэгтэй/ тагтан дээрээс үсрэх гэж байсныг ярилцлага хийн буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top