1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24, 25-нд нутгийн зарим газраар 15-17 м/с, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьтын эцсийн Задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 08:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 08:24 цагт очиход иргэн Б-гийн 4×9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 11:43 цагт очиход иргэн П-гийн хураалттай 50м3 мод шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз багт малын хашааны саравч 04.22-ны өдрийн 05:45 цагт шатсан тухай мэдээллийг 04.22-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд малчин Д-гийн 30х30 метрийн хэмжээтэй өвөлжөөний саравч шатаж байсныг 4 цаг 20 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын жижүүр аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багт 04.22-ны өдрийн 15:40 цагийн орчим иргэн Ц-гийн байшин шатсан тухай мэдээллийг 04.22-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг Даргын Тамгын газрын хүмүүс иргэн Ц-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг 1 цаг ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Талын толгой”-н гахайн байрны хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 17:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:20 цагт очиход иргэн Ц-гийн малын хашаа, бууц шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:28 цагт очиход иргэн О-гийн 3×6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний өрөөний хана, дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Багануур дүүргийн 5 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 17:31 цагт очиход иргэн Е-гийн “Грасе” загварын бага оврын автобус шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн “Салхитын-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ малчин Б-гийн 5 ханатай гэр 04.22-ны өдрийн 15:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 18:01 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, 35 км замыг туулан 15:25 цагт очиход малчин Б-гийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Багануур дүүргийн 24 дүгээр хороо, 61-ын гарамд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.22-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 21:08 цагт очиход Төв аймгийн Баянчандмань сумын 4 дүгээр багийн “Замтын Их-Ам” гэдэг газарт иргэн Ч-гийн 10×10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 02:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:29 цагт очиход иргэн Х-гийн 6×7 метрийн хэмжээтэй байшингийн 2×3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 05:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 05:44 цагт очиход иргэн М-ийн 2×2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 04:51 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 04:59 цагт очиход иргэн Э-гийн 4 метр хашаа, нүхэн жорлон шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 339 км-т, сумын төвөөс урд зүгт 33 км-т, Ө-51°13’48.0″, У-100°29’24.0″/ 04.22-ны өдрийн 14:08 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 14:14 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16’11.0″, У-100°46’14.0″/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Рашаант сумын Засаг даргын Тамгын газар, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс 04.21-ний өдөр очиход тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү /38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн Т /62 настай, эрэгтэй/, Т /50 настай, эрэгтэй/, Г /50 настай, эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, У /32 настай, эмэгтэй/, Б /8 настай, эмэгтэй/, А /5 сартай, эмэгтэй/ нар осолдсон байсан.
04.22-ны өдөр 3 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд 1 дүгээр бүлэг: Тус сумын “Тэгш булан” гэдэг газраас тус сумын 2 дугаар багийн “Цацан булан” гэдэг газар хүртэл 25 км-т явганаар голын урд талаар, 2 дугаар бүлэг Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас “Овоот” гэдэг хүртэл 12 км-т усаар завьтай урсаж, 3 дугаар бүлэг Их-Уул сумын 4 дүгээр багийн “Ховдос гүүр” гэдэг газраас тус сумын 1 дүгээр багийн “Тосонцэнгэлийн гүүр” хүртэл 20 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:37 цагт “Тэгш булан” гэдэг газар /осол болсон газраас 3.5 км-т/-аас тус сумын харьяат иргэн Т, мөн өдрийн 10:30 цагт Тэгш булан” гэдэг газар /осол болсон газраас 4 км-т/-аас Рашаант сумын харьяат А, мөн өдрийн 16:30 цагт “Овоот” гэдэг газар /осол болсон газраас 20 км-т/-аас тус сумын харьяат иргэн Т нарын цогцсыг “Сэлэнгэ” мөрөнгийн эргээс олж, цогцсуудыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 04.23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Осол болсон газар усны түвшин их, үерлэсэн, өргөн нь 133 метр, гүн нь 2-3.5 метртэй байна. Тус аймгийн Рашаант сумын Тээл багийн “Цацын-Ам” гэдэг газар хээрийн штабыг байгуулсан.
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Ахмадын амралт”-ын хойд талд “Хэрлэн” голд автомашин живсэн тухай дуудлагыг 04.22-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 12:11 цагт очиход “Хэрлэн” голд тус дүүргийн харьяат иргэн Г-гийн жолоодож явсан “Ниссан Сапари” загварын суудлын автомашин живж, автомашины бүхээг дээр байсан иргэн Ж /42 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/, Г /31 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргасан.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Могойт багийн “Их мойлт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/ 04.23-ны өдрийн 01:00 цагийн орчим иргэн Б нь мотоциклтой явж байгаад “Цээл” нууранд унаж осолдсон тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 05:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийн хүмүүс иргэн Б /29 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Төөрсөн, сураггүй болсон: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Зулзагын тавын гуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ 04.22-ны өдрийн 19:00 цагийн орчим иргэн Б гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 02:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Б /55 нас, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР