Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын хооронд зохиогдсон гар бөмбөг, ширээний теннис, дартс, шатрын тэмцээн энэ сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгай анги, нийслэлийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний анги, Хууль сахиулахын их сургууль, Ахмадын хорооноос нийт 100 гаруй тамирчид 17 баг болон өрсөлдсөн юм.
Ингээд хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний дүн гарахад шатрын төрөлд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Р.Ундрахбаяр тэргүүлж, Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, онцгой байдлын хурандаа Д.Алтангэрэл удааллаа. Теннисний тэмцээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, ахлах ахлагч Б.Батсайхан түрүүлж, ХҮА-ны дэд ахлагч Б.Баярсайхан хоёрдугаар байрт орсон бол дартс шидэлтийн тэмцээнд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дэслэгч Б.Баатар тэргүүлж, ХСИС-ийн багш, онцгой байдлын дэд хурандаа С.Баттөмөр дэд байрт шалгарлаа.
Харин волейболын тэмцээнд Аврах тусгай ангийн баг түрүүлж, Нийслэлийн Онцгой байдлын хэлтсийн баг удаалж, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлстийн баг гуравдугаар байрт шалгарсан юм.