Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Баянхонгор, Говьсүмбэр, Төв, Өмнөговь аймгуудын нутгаар цас орсон. Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 18-20 м/с, зарим үед 24 м/с-ийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос 7-12 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 29, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зүүн хэсгээр, 30-нд Алтайн салбар уулсаар, 29, 5-р сарын 1-нд зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг дахь “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхай ачих, буулгах хэсгийн дамжуулах шугамд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.26-ний өдрийн 03:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 03:45 цагт очиж, 9 метрийн өндөртэй, 5х8 метрийн хэмжээтэй нүүрс ачих, буулгах байгууламж шатаж байсныг 5 цаг 45 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн “Амгалан” хороололд хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 10:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:02 цагт очиход иргэн А-ын хашаанд хураалттай 1.5 тонн хөрзөн шатаж байсныг 28 минут ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багийн “Ялалт” хорооллын 21 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 20:18 цагт очиход иргэн Э-ын 4х7 метрийн хэмжээтэй байшингийн баруун хана, дээврийн хэсэг, эд хогшил, “Соната-2” загварын суудлын автомашин, 2.5х3.5 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшил шатаж байсныг 57 минут ажиллаж унтраасан.

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

– Цасан шуурга: Завхан аймгийн Шилүүстэй сумын Сайхан багийн “Даваа хөндлөн” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 165 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ 2 хүн 04.25-ны өдрийн 18:35 цагийн орчим явганаар мал хариулж яваад сураггүй болсон дуудлагыг мөн өдрийн 21:43 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин С /22 настай, эрэгтэй/, Т /14 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.26-ны өдрийн 08:40 цаг “Дүнгийн-Өвөр” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 35 км-т/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзий багийн “Гозгор цахир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 04.25-ны өдрийн 11:00 цагийн орчим Эрдэнэ сумаас Чандмань сум руу явган явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Г /40 настай, эрэгтэй/, Б/21 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.26-ны өдрийн 10:29 цагт Чандмань сумын 2 дугаар багийн “Хүнхэрийн-Ам” гэдэг газраас цогцсуудыг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн.   

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Хүрмэн дэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 270 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ Малчин М нь 04.25-ны өдрийн 15:00 цагийн орчим “Эксел” загварын суудлын автомашинтай мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:15 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд малчин М /52 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тухайн иргэн 04.26-ны өдрийн 09:50 цагт өөрөө гэртээ ирсэн гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Хүрэмтийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 150 км-т, сумын төвөөс урд зүгт 50 км-т/  Иргэн Л нь 04.25-ны өдрийн 12:30 цагийн орчим Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэрлүүгээ явна гэж мотоциклтой гараад сураггүй болсон дуудлагыг 04.26-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Л/16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.26-ны өдрийн 17:50 цагт “Нар-Уулын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ унаж явсан мотоциклыг олсон. Тус багийн “Нар-Уулын садрага” гэдэг газраас “Сэрх богд”, “Толбот” гэдэг газар хүртэл 20 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:00 цагт түр зогсоосон. 04.27-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

Цас, нойтон цас: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Тооны шар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/Малчин Б, О нар 04.20-ны өдрийн 13:00 цагийн орчим мал тууж яваад цасанд боогдсон тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын “Баруун Баянхонгор” гэдэг газрын чиглэлд малчин Б/23 настай, эрэгтэй/, О /38 настай, эрэгтэй/ нар 330 бог мал, 5 бод мал тууж яваад тус сумын Хонгор багийн “Уурхайн хяраат” гэдэг газар цасанд боогдсон байсныг мөн өдрийн 16:55 цагт эсэн мэнд олж, тууж явсан малыг айлын хашаанд хашсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Бичил уурхайн осол: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар багийн “Бэрх тосгон” /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, Бэрх тосгоноос зүүн урд зүгт 3 км-т/ Жонш олборлох уурхайд хүн унасан дуудлагыг 04.26-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:32 цагт очиход “Баялаг Бэрх” нөхөрлөлийн жонш олборлох уурхайд тус аймгийн харьяат иргэн Ү43 настай, эрэгтэй/ нь жонш тээвэрлэдэг яшикыг лифт рүү түрж явж байгаад 50 метрийн гүнтэй нүхэнд унаж нас барсан бөгөөд мөн өдрийн 18:35 цагт цогцсыг гаргаж, сумын Цагдаагийн тасгийн даргад шилжүүлж өгсөн.

Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16’11.0″, У-100°46’14.0″/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. 04.26-ны өдрийн 08:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газар, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагчид Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У/32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.04.26-ны өдрийн байдлаар 7 бүлэгт хуваагдан  1 дүгээр бүлэг: “Цацын булан” гэдэг газраас Тариалан сумын Сэлэнгэ багийн “Хайлаастын бирваз” гэдэг газар хүртэл 94 км-т завиар, 2 дугаар бүлэг: Их-Уул сумын Мандал багийн “Хөвдөг гүүр”-ээс  “Дунд тавцан” гэдэг газар хүртэл 15 км-т нисгэгчгүй төхөөрөмж нисгэж, 3 дугаар бүлэг: Их-Уул сумын Мандал багийн “Хөвдөг гүүр” хүртэл 50 км-т явганаар, 4 дүгээр бүлэг: Мандал багийн “Хөвдөг гүүр”-ээс “Дунд хясаа” гэдэг газар хүртэл 35 км-т явганаар, 5 дугаар бүлэг: Цацын булан гэдэг газраас “Хар толгой” гэдэг газар хүртэл 30 км-т явганаар, 6 дугаар бүлэг: Их-Уул сумын Их-Уул багийн “Бага сараалж” гэдэг газраас “Хадтай боом” хүртэл 9 км-т явганаар, 7 дугаар бүлэг: “Хар толгой” гэдэг газраас “Цацын булан” хүртэл 53 км-т голын эрэг дагуу явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоосон. 04.27-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top