Цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг хангав

         Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Цасан шуурганы үеэр иргэд автомашинтай цасанд боогдсон гэсэн дуудлага зонхилсон байна. Онцгой байдлын албаны албан хаагчид Төв, Увс, Говь-Алтай аймагт цасанд боогдсон 160 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж, 30 гаруй автомашиныг цаснаас татан гаргажээ.

       Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн “Сүүжийн баян” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км-т/ Улаанбаатар-Өмнөговь-Цагаан хадын чиглэлд явсан хүн тээврийн автобус /34 зорчигчтой/ цасанд суусан тухай мэдээллээр /2016.01.14/ аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Автотээврийн газрын албан хаагчид ажиллаж “Аж мянган” ХХК-ийн УБК 57-98 улсын дугаартай Хюндай загварын автобусыг татан гаргасан.

       Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн “Хадаасан” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ том, жижиг нийт 10 гаруй автомашин цасанд суусан гэсэн дуудлагаар /2016.01.15/ тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, нийт 7 автомашин, 90 хүнийг  цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй 8 машиныг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэж ирсэн.

            Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг “Зостын хөтөл” гэдэг газар /Улаангом сумаас баруун урд зүгт 80 км-т/, 27-20 УВХ улсын дугаартай микроавтобус цасанд боогдсон тухай дуудлагаар /2016.01.16/ Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид  ажиллаж, жолооч М /31 настай, эрэгтэй/, Ц /48 настай, эмэгтэй/, Т /53 настай, эрэгтэй/ нарыг цасанд боогдсон байсныг татан гаргасан.

zam_tsas (2)

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Хатуугийн даваа” гэдэг газар 88-74 УБГ улсын дугаартай “Ланд крузер-100” загварын автомашин цасанд боогдсон тухай дуудлагаар /2016.01.16/  тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /37 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, И  /1 нас 5 сартай, охин/ нарыг цаснаас татан гаргаж, аймгийн төвд авчирсан.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр цаашид ч ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч улам чангарах төлөвтэй байгаа тул иргэд мэргэжлийн байгуууллагаас өгч буй сэрэмжлүүлэх мэдээлэлд ач холбогдол өгч, цаг агаарын мэдээллийг тогмол сонсч, цасан шуурганы үеэр замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд аян замд гарахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хүрз гэх мэт багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, дулаан хувцас, халуун хоол хүнс бэлтгэн аюулгүй байдлаа хангаж явахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Онцгой байдлын ерөнхий газар

2016.01-18

scroll to top