1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, Алтайн уулархаг нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 7-12 м/с. 13-15 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун, 5-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 07:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 07:10 цагт очиход иргэн Ч-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшил шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн “Ургах наран” хорооллолд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.30-ны өдрийн 15:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:16 цагт очиход иргэн М-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн гадна өнгөлгөөний хөөсөнцөр шатаж байсныг 15 минут ажиллаж бүрэн унтраасан.
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн “Дөвөнтийн-Ихэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 45 км-т/ Малчин М-ийн гэр 04.30-ны өдрийн 16:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 04.30-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Малчин М-ийн 5 ханатай 2 гэр шатсан мэдээллийг тус багийн дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Ховд аймгийн Ховд сумын Улаанхаргана багийн “Дүүхүүр’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, мөн өдрийн 17:40 цагт цурамд оруулж, 18:56 цагт унтрааж тус сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16”11.0”, У-100°46”14.0”/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. 04.30-ны өдрийн 08:00 цагаас мөн өдрийн 21:00 цаг хүртэл тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл,Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Г/50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У /32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Н.Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 04.30-ны өдрийн байдлаар 8 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: “Хайлаастын бирваз” /Хөвсгөл аймгийн Тариалан сум/ гэдэг газраас “Гуртын гүүр” /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/, “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газар хүртэл 86 км-т завиар, 2 дугаар бүлгийн 1 дүгээр хэсэг: “Намнан-Уул /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ гэдэг газраас “Гуртын гүүр” /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ гэдэг газар хүртэл 70 км-т завиар, 2 дугаар хэсэг: “Хялганат” тосгоны гүүр /Булган аймгийн Хангал сум/ гэдэг газраас “Ингэтийн гүүр”, “Цагаан арал” /Булган аймгийн Сэлэнгэ сум/ гэдэг газар хүртэл 80 км-т завиар, 3 дугаар бүлэг: “Гуртын гүүр” /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ гэдэг газраас “Бухын гол” /Булган аймгийн Ингэт сум/ гэдэг газар хүртэл 70 км-т завиар, 4 дүгээр бүлэг: “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын чиглэлд нисгэгчгүй төхөөрөмжөөр 24 км-т явганаар, 5 дугаар бүлэг: “Хөвдөг гүүр” /Хөвсгөл аймгийн Их-Уул сум/ гэдэг газраас “Бага Ацын-Ам”, “Өндөр хад”, “Шороон хад” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газар хүртэл 30 км-т автомашинаар, 6 дугаар бүлэг: “Долоотын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газар хүртэл 20 км-т явганаар, 7 дугаар бүлэг: “Тэгш булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Баазын хясаа” /Хөвсгөл аймгийн Рашаант сум/ гэдэг газар хүртэл 15 км-т явганаар, 8 дугаар бүлэг: “Тэгш булан” /Хөвсгөл аймгийн Рашаант сум/ гэдэг газраас “Долоотын булан”, “Цацын булан”, “Хөвдөг гүүр” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сум/ гэдэг газар хүртэл 113 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 05:01-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Дивизийн гарам” гэдэг газар “Хэрлэн гол”-д автомашин живсэн тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 11:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:10 цагт очиход иргэн Б-ийн эзэмшлийн “Аллион” загварын суудлын автомашиныг иргэн Т /21 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ жолоодож явахдаа “Хэрлэн” голд живүүлсэн байсныг татан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн тээврийн цагдаагийн тасгийн даргад хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР