АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Увс аймаг, Хөвсгөл аймгийн Тариалан, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд бороо орсон. Дархан, Ховд, Булган, Увс аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Идэр, Тэс голын хөндийгөөр эрс сэрүүсэж 2-7 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун, 5-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан:Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 13 дугаар хорооны дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 03:12 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 03:14 цагт очиж 13 дугаар хорооны байрны дэргэд тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн “Ренаулт” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 36 дугаар хороо, Алтан-Овоогийн 30 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 12:10 цагт очиж Алтан-Овоогийн 30 дугаар гудамжны 27 тоотод иргэн М-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг. 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 16:18 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 16:24 цагт очиж Бэлхийн 50 дугаар гудамжны 339 тоотод иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүрэг. 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 53 дугаар байрны дэргэд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 18:02 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:09 цагт очиж 53 дугаар байрны дэргэд иргэн Б-гийн 4х8 метрийн хэмжээтэй гарааш, гадна талд хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 20:08 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:13 цагт очиж 1 дүгээр гудамжны задгайд иргэн С-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум. Баатархайрхан багийн 5 дугаар гудамжинд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 19:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 19:15 цагт очиж 5 дугаар гудамжинд иргэн Н-ийн 2х6 хэмжээтэй чингэлэг дотор барилгын материал шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Урандөш багийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 21:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 21:41 цагт очиж 9 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 1:02 цаг ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бичил уурхайн осол: Хэнтий аймаг, Батноров сум. 7 дугаар багийн “Бэрх тосгон” /аймгийн төвөөс зүүн зүгт 80 км, Бэрх тосгоноос хойд зүгт 10 км/-т Хятад улсын иргэн Ш-ын эзэмшлийн ”Бор-Өндөр Уул” нөхөрлөлийн жонш олборлолтын 20 метрийн гүнтэй нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 11:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 13:30 цагт очиж иргэн Д /57 настай, эрэгтэй/ унаж нас барсаныг 1:35 цаг ажиллан цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Усны осол: Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум. Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан.

05.01-ний өдрийн 08:00 цагаас мөн өдрийн 21:00 цаг хүртэл тус Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэн Г/50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат, иргэн У/32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, иргэн Б/8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Эрчим багийн “Дэлгэрмөрөн” голд /аймгийн төвөөс урд зүгт 4 км/-т голын усанд хүний цогцос байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 08:56 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:09 цагт очиж “Дэлгэрмөрөн” голын урд эргээс 10 метр, хойд эргээс 50 метр зайтай, 30 см-ийн гүнтэй усанд иргэн Б/51 настай, эрэгтэй, Мөрөн сумын харьяат/ нас барсан байдалтай байсныг цогцсыг 1:06 цаг ажиллаж гарган аймгийн Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний албанд хүлээлгэж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top