Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Өмнөговь, Өвөрхангай, Орхон, Төв, Хэнтий аймгуудын нутгаар бага зэргийн нойтон цас, Дорнод аймгийн нутгаар бороо орж, Дундговь аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Их Нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед түр зуур 13-15 м/с хүрч ширүүсч, 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-ны өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-ны өдөр ихэнх нутгаар, 6-ны өдөр нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с, 8-ны өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-ны өдрөөс ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Хаан” банк гадна хаяг шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 20:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 20:26 цагт очиж, “Хаан” банкны бэлэн мөнгөний машины гаднах хаяг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Булаг” хорооллын 7 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 09:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан 09:43 цагт очиж, иргэн Б-ийн 2×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Сэвэлжит” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 09:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Норовлин сумын иргэд, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 15:30 цагт цурамд оруулж, 05.03-ны өдрийн 10:10 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 484 га талбай шатсан.

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, Ө-51°15”36”, У-100°26”24”/ 05.03-ны өдрийн 16:46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар 16:51 цагт ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгдсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т, Ө-51°16”12”, У-100°23”24”/ 05.03-ны өдрийн 16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар 17:17 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 44 км-т, Ө-51°10”48”, У-100°19”12”/05.03-ны өдрийн 22:11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар 22:21 цагт ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол: Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ Шинээр баригдаж байгаа барилгын багана, таазны хэсэг нурж, барилгын хийцэд хүн дарагдсан тухай дуудлагыг 05.03 өдрийн 20:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 21:30 цагт очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан 1 давхар цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нурж, тухайн барилга дээр ажиллаж байсан ажилтан Г/25 настай, эрэгтэй/, Б/31 настай, эрэгтэй/, Э /25 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/, Т /51 настай, эрэгтэй/ нар барилгын хийцэд дарагдаж, бэртсэнийг тухайн байгууллагын ажилтан нар эсэн мэнд гарган  Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэсэн байсан. Тухайн барилгын үйл ажиллагааг зогсоож, битүүлжилсэн бөгөөд 05.04-ний өдөр аймгаас ажлын хэсэг очиж ажиллана. Бэртсэн 4 хүний биеийн байдал хэвийн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр, эрүүл мэндийн төвд үзлэг оношлогоо хийгдэж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top