Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, бусад нутгаар баруун өмнөөс 9-14 м/с хүрч, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с, 8, 9-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-ноос ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Цагаандаваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 313 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т, Ө-51°12’36.0″, У-98°54’00.0″/ 05.04-ний өдрийн 21:47 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 21:54 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.    

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 336 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 32 км-т, Ө-51°16’48.0″, У-100°24’00.0″/ 05.05-ны өдрийн 04:52 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 05:00 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.  

3.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Гол, мөрний усны үер: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Сэлэнгэ гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т, сумын төвөөс урд зүгт 23 км-т/ “Сэлэнгэ” мөрөнгийн арал дээр иргэн Э-ийн гэр /3 хүнтэй/ усанд автагдах гэж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 20:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 170 км замыг туулан 05.05-ны өдрийн 01:32 цагт очиход тус сумын харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/, Т /38 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/-ийн гэр “Сэлэнгэ” мөрөнгийн арал дээр байгаа бөгөөд, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул аврах ажиллагааг 05.05-ны өдрийн 01:55 цагт түр зогсоосон. 05.05-ны өдрийн 06:00 цагт аврах ажиллагааг эхлүүлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонХөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн төвд /аймгийн төвөөс урд зүгт 227 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ 05.04-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Г нь гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 05.04-ний өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн Г /20 настай, эрэгтэй/-ыг тус багийн төв, багийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т “Бор бургасны-Ам” гэдэг газар хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:30 цагт түр зогсоосон. 05.05-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Бусад төрлийн осол: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан 13:08 цагт очиход Э /1 настай, эрэгтэй/ 4 метрийн гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top