Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий аймагт бороо орж Өмнөговь аймагт шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 25-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна, 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи  8, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 11-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанДархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 13:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан 13:12 цагт очиход иргэн Ц-гийн “Верна-Аксент” загварын автомашины шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11.5 км зам туулан 11:10 цагт очиход иргэн Н-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

 Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 17:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 17:35 цагт очиход иргэн Г-гийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 17:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 17:52 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Сөртийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хангал сумын Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид, “Зэд Хантай Бүтээлийн” нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. 

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т  Ө-51°25’48.0″ У-100°23’24.0″/ 05.06-ны өдрийн 13:59 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт босон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.  

5. Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Хүчтэй салхи шуургаАрхангай аймгийн Түвшрүүлэх сумын Өртөнт багийн “Ар хүйтний- Өртөнт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 15 км-т/ тус сумын нутгаар 05.05-ны өдөр салхины хурд 20 м/с хүрсний улмаас малчин айлын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин З-гийн 5 ханатай гэр 17:00 цагт нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 05.06-ны өдрийн 11:28 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.      

5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бургас багийн “Хүрэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ “Хурган” нуураас мал усалж байсан малчин А нь нуурын усанд живсэн тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 22:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах аврах 71 дүгээр ангийн алба хаагчид малчин А /25 настай, эрэгтэй/ нь Хурган нууранд живсэн тул 05.07-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.  

Төөрсөн, сураггүй болсонХөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн төвд /аймгийн төвөөс урд зүгт 227 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ 05.04-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Г нь гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 05.04-ний өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Галт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд тус сумын харьяат иргэн Г /20 настай, эрэгтэй/-ыг 4 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: Галт сумын Зүрх багийн төвөөс Төмөрбулаг сумын  “Олон голын бэлчир” гэдэг газар хүртэл 70 км-т мотоциклоор,  2 дугаар бүлэг: Галт сумын Зүрх багийн төвөөс Төмөрбулаг сумын “Идэр чулуутын бэлчир” гэдэг газар хүртэл 45 км-т автомашинаар, 3 дугаар бүлэг: Галт сумын Зүрх багийн төвөөс “Халуун рашаан” гэдэг газар хүртэл 25 км-т явганаар, 4 дүгээр бүлэг: Галт сумын Зүрх багийн “Доод хамрын-Ам” гэдэг газраас Төмөрбулаг сумын “Идэр чулуутын бэлчир” гэдэг газар хүртэл 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 05.07-ны өдрийн 05:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Сайнцагаан сумаас Цагаандэлгэр сумын чиглэлд “УАЗ фургон” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 09:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Дэрэн сум, Цагаандэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн “УАЗ фургон” загварын автомашин 9 зорчигчтой /250 тун вакцин ачсан/ -ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:21 цагт тус сумын Хараат багийн “Цагаандаравгай” гэдэг газар /сумын төвөөс баруун  урд зүгт 25 км/-аас эсэн мэнд олсон.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Жаргалант багийн “Татаал” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 18 км-т/ иргэн Б нь 05.05-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /29 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:30 цагт тус сумын Элст багийн “Могойт” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км/-аас эсэн мэнд олсон.     

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top