Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр Японы “Хацүта сэйсакүшё” ХК-ийн гадаад худалдааны хэлтсийн дарга Сарүватари Киёши тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
“Хацүта сэйсакүшё” ХК нь гал унтраах тоног төхөөрөмж, гамшгийн үед хэрэглэх багаж хэрэгсэл үйлдвэрлэн худалдан борлуулдаг байгууллага юм байна.
Монгол Улс АСЕМ- ийн уулзалтын бэлтгэлийг хангаж байгаа энэ үед тус компанийн зүгээс орчин үеийн шинэ техник, технологийг Монголд нэвтрүүлэх, галын аюулгүй байдлыг хангахад зориулж тус компаниас үйлдвэрлэсэн гал унтраагуурыг танилцууллаа.
Мөн энэ үеэр АСЕМ-ийн уулзалтын бэлтгэлийг хангахад зориулж 100 ширхэг гал унтраагуурыг хандивлаж байгаагаа мэдэгдсэн юм.
Уг гал унтраагуур нь хуванцараар хийгдсэн тул төмөр их биетэй галын унтраагуураас 50 хувь хөнгөн, хүүхэд, ахмад настан зэрэг бүхий л насныхан хэрэглэхэд тохиромжтой, ашиглахад хялбар юм байна. Мөн цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй, аюулгүй байдал сайжирч, тэсэрч дэлбэрэх бодис ашиглахаас урьдчилан сэргийлсэн давуу талтай аж.
Дэлхийн улс орнуудад төрийн захиргааны барилга байгууламжууд, нисэх онгоцны буудал, өндөр хурдны төв зам, автомашины зогсоол, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон хүн төвлөрсөн газруудад суурилуулан хэрэглэдэг байна.