Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Төв аймгийн нутгийн зарим хэсгээр нойтон цас, Дорнод аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөдийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-ний өдөр нутгийн зарим газраар, 15-ны өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13-ны өдөр ихэнх нутгаар, 14-ний өдөр говь, талын нутгаар, 16-ны өдөр нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 14-ний өдөр нутгийн зүүн хагаст сэрүүн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 63 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 11:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 11:10 цагт очиход иргэн Ц-ийн 5х8 метрийн хэмжээтэй гарааш, иргэн А-ийн “Волксваген” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн “Улиастай” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:21 цагт очиход иргэн А-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 3 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 2.8 км замыг туулан 12:33 цагт очиход иргэн Д-ийн “Одиссей” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн “Дундын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 40 км замыг туулан 13:25 цагт очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан Т-ын “Грандбирд” загварын автобус шатаж байсныг 1 цаг 55 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 27/Б гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:50 цагт очиход иргэн Б-ын 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Өвөр гүнт” зуслангийн задгай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 01:17 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:28 цагт очиход иргэн Б-ын “Приус-41” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Т /24 настай, эрэгтэй/, Ц/21 настай, эмэгтэй/, иргэн Б /22 настай, эмэгтэй/ Сүхбаатар дүүргийн харьяат иргэн Х /21 настай, эмэгтэй/ нар нүүр, гарын хэсгээрээ түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 52 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 02:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 02:47 цагт очиход иргэн Д-ийн 5 ханатай гэр бүрэн, 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Голын усанд суусан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Ахмадын амралт” гэдэг газар 2 зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 16:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 16:45 цагт очиход тус дүүргийн харьяат иргэн Э /41 настай, эрэгтэй/, С /42 настай, эмэгтэй/ “Ниссан Моннис” загварын суудлын автомашинтай “Хэрлэн” голын усанд суусан байсныг аварч, автомашиныг татан гаргасан.       

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Аягын-Ам” гэдэг газар2 зорчигчтой суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 21:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид й 22 км замыг туулан 22:10 цагт очиход тус дүүргийн харьяат иргэн Х /49 настай, эрэгтэй/, Б /49 настай, эрэгтэй/ нар “Ланд-80” загварын суудлын автомашинтай “Хэрлэн” голын усанд суусан байсныг аварч, автомашиныг нь татан гаргасан.

Голын усанд боогдсон: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Майхан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 466 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 66 км-т/ “Булган” голын усны түвшин нэмэгдэж 2 айлын гэр, 900 гаруй мал голын усанд боогдсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 07:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 66 км замыг туулан 09:55 цагт очиж, 2 өрхийн 7 хүн /5 том хүн, 2 хүүхэд/, 2 гэр, 920 мал /бод 190, бог 730/-ыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top