Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн “Гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын авто машины граж”-ийн өргөтгөлийн барилгыг орон нутгийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн.
Эхний ээлжинд энэ жил 75 сая төгрөгийг төсөвт суулгаж, авто гражийн өргөтгөлийн барилгыг “Зөөлөн тэмүүлэл ХХК” барьж гүйцэтгэхээр болж, барилгын суурь ажлыг эхлүүллээ.
Онцгой байдлын газар нь 5 автомашины багтаамж бүхий автогражтай. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд тус газарт өнгөрсөн хавар тусгай зориулалтын 3 авто машиныг нийлүүлсэн. Эдгээр авто машиныг хадгалах гражны хүрэлцээ муу учир ийнхүү гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын 4 автомашины граж барих юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.