Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал:  20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 26-28 м/с давж хүчтэй шороон шуурна шуурна. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2. Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан”-гийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 09:40 цагт очиход иргэн Л-ийн 6х12 метрийн хэмжээтэй байшин, 6х6 метрийн хэмжээтэй граж тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж тус тус унтраасан. 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 10:35 цагт очиход иргэн У-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан. 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хонхор хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 11:20 цагт очиход иргэн Н-ын 12х4 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны “Хангай”-н 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 18:44 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 18:54 цагт очиход иргэн С-н 12х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т, Ө-51°18’36.0″, У-100°24’30.0″/ 05.19-ний өдрийн 05:00 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 05:48 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хоохойн-Ам” гэдэг газар /дүүргээс баруун хойд зүгт 20 км-т/ “Туул” голын эрэг дээр гэр бүлийн 3 хүн амарч байх үед бага насны хүүхэд усанд осолдсон тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Аврах анги-105-ын алба хаагчид 05.18-ны өдрийн 06:40 цагаас эхлэн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн М /5 настай эрэгтэй/-г анх осолдсон Хоохойн-Ам гэдэг газараас Яармаг-ын гүүр хүртэл 85 км-т завиар мөн Минж үржүүлэгээс Маршилын гүүр хүртэл 15 км-т явганаар, усанд 45 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 05.19-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.  

Усанд суусан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д “Туул” голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 05.18-ны өдрийн 22:57 цагт хүлээн авсан. Аврах анги-105-ын алба хаагчид 20 км зам туулан 23:18 цагт очиход Туул голын эрэг дээр зугаалж явсан 2 зорчигчтой иргэн О-ийн “Приус-30” загварын суудлын автомашин усанд суусан байсныг татан гаргасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top