“Иж бүрэн аюулгүй байдал 2021” олон улсын үзэсгэлэнд оролцлоо

image41.jpeg

Оросын Холбооны Улсын Онцгой байдлын яамнаас Москва хотноо зохион байгуулсан “Иж бүрэн аюулгүй байдал 2021” олон улсын үзэсгэлэнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Тус үзэсгэлэнд нийт 28 улс орон, олон улсын байгууллагын 120 хүндэт зочид, Оросын Холбооны Улсын Онцгой байдлын яамны бүсийн болон орон нутгийн дарга, захирагч нар нийт 250 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд үзэсгэлэнгийн арга хэмжээнд ОХУ-ын дотоодын 50 гаруй аж ахуйн нэгж, компаниудын 300 нэр төрлийн техник, багаж тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүллээ.

Мөн айлчлалын хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Оросын Холбооны Улсын Онцгой байдлын тэргүүн дэд сайд, хурандаа генерал А.П.Чуприянтай хоёр талт уулзалт хийж, Монгол-Оросын онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож,

  • Оросын Холбооны Улсын Онцгой байдлын яамны Хямралын удирдлага, зарлан мэдээлэх төв болон Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг эхний ээлжид холбон хамтран ажиллаж, цаашид бүс нутгийн зарлан мэдээллийн төвүүдийг холбох талаар ажиллах.
  • Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Хөвсгөл нууранд живсэн автомашинуудыг татан гаргах ажиллагааг ОХУ-ын Онцгой байдлын яамны Байгалийн эрэн хайх, аврах төвтэй хамтран зохион байгуулах, мөн энэ үеэр хамтарсан гүний усны дадлага сургуулийг зохион байгуулах.
  • “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол-Оросын Засгийн газар хоорондын ээлжит комиссын хуралдааныг Оросын Холбооны Улсын Халимаг Улсын Элиста хотод 2021 оны 09 дүгээр сард зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Түүнчлэн Оросын Холбооны Улсын Онцгой байдлын яамны сайд, армийн генерал Е.Н.Зиничев, Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын сайд, ноён Бообек Эргешевич Ажикеев, Олон Улсын Иргэний хамгаалалтын байгууллагын ­Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Мариатоу Яп, Дэлхий гал сөнөөгч, аврагчдын холбооны Зөвлөлдөх бүлгийн дарга, ноён А.П.Калинин, Иргэний хамгаалалтын академийн захирал, дэслэгч генерал В.В.Панченков нартай уулзаж онцгой байдлын салбар дахь хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top