Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай /16-34 м/с/, Завхан, Увс, Ховд аймгийн нутгаар шороон шуурга шуурч, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудын нутгаар цас, бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 8-13 м/с, баруун, төв, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с-ийг давж ширүүсэж шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсэж 0-5 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с-ийг давж ширүүснэ, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. 22-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн Улаанбаатар-Чойр чиглэлийн А01/01 автозамын 72 км-т /Говьсүмбэр аймгийн төвөөс хойд зүгт 72 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 72 км замыг туулан 16:27 цагт очиход Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Конфрейт агент” ХХК-ийн эзэмшлийн иргэн Х-ын жолоодож явсан “Ботан ВЖ 4321” загварын том оврын ачааны автомашин шатаж байсныг 6 цаг ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 15 дугаар байранд тагтан дээр гал гараад байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 11:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:22 цагт очиход иргэн Д-ийн тагтан дээр эд зүйл шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 42 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 18:43 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:50 цагт очиход иргэн Г-ын 1×1 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн “Урд хяр” гэдэг газарт /сумын төвд/ Иргэн М-ийн байшин, үүдний амбаар 05.20-ны өдрийн 19:00 цагийн орчим шатаж байна гэсэн мэдээллийг 05.20-ны өдрийн 19:26 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд очиход иргэн М-ын 6х6 метрийн хэмжээтэй өвлийн байшин, 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 19:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 19:58 цагт очиход иргэн З-ын 6×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Гавжийн шандны 1 дүгээр гудамжинд гэр, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 21:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан 22:00 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр, 4×2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Шар шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 158 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ малчин З-ын өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 22:19 цагт очиход иргэн Л.Занданбатын 38х40 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 4 цаг 14 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ой, хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн “Сүүжийн-Ар” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км-т, Хонгор сумын төвөөс баруун зүгт 53 км-т/ Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид, Шарын гол сумын иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж, 05.21-ний өдрийн 03:25 цурамд оруулж, 05:14 цагт бүрэн унтраасан.

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт багийн “Хонгор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 55 км-т, Ө-44°57”36.0”, У-107°02”24.0”/ 05.20-ны өдрийн 23:40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 23:48 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

5.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга – Шороон шуурга: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Алтай хотод 05.20-ны өдрийн 13:45 цагаас шуурсан хүчтэй шороон шуурганы /28-34 м/с/ улмаас 15 өрхийн гэр, 12 өрхийн хашаа нурж, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, Нэгдсэн эмнэлэг, 27 орон сууц болон айлын байшингийн дээвэр хууларч, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга, 3 орон сууцны барилгын гадна өнгөлгөө, шилэн хаалга, 13 автомашины салхины шил хагарсан тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 13:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.  

6.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Загас үржүүлэг”-ийн тогтоол нууранд хүн живсэн тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 13:55 цагт очиход “Загас үржүүлэг”-ийн тогтоол нуурын 5 метрийн гүнээс нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхоны хэсэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т, сумын төвөөс баруун зүгт 3 км-т/Суудлын автомашин “Орхон” голыг гаталж байх үедээ живсэн тухай дуудлагыг 05.20-ны өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 25 км замыг туулан 19:40 цагт очиход, иргэн Б-ийн жолоодож явсан “Тоёота Карина” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ “Орхон” голоор гаталж явахдаа живсний улмаас тус аймгийн харьяат У/42 настай, эмэгтэй/, Б/42 настай, эрэгтэй/, Т/11 сартай, эмэгтэй/ нар осолдож, иргэн Х /49 настай, эмэгтэй/, О /42 настай, эмэгтэй/ нар голын эрэг дээр ухаангүй байсныг тус сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч авч явсан байсан. Автомашин болон иргэн У, Б, Т нарын цогцсыг гаргаж, тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошуучид шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top