1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгийн зарим хэсгээр нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 градус, Их нуурууд болон Увс нуурын хотгор, Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-ны өдөр нутгийн зарим газраар, 27-ны өдөр төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 27, 28-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн задгай Иргэн Б-ийн гэр 05.24-ний өдрийн 23:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 05.24-ний өдрийн 00:29 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд 1 цаг ажиллаж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатсаныг унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Зүүн Байдлагын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 124 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 05.22-ны өдрийн 17:00 цагийн орчим 4 хүн “Байдлаг” голын эрэг дээр автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн С голын усанд унаж осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 18:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 30 км замыг туулан 19:28 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:28 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас 6 метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР