Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс аймгуудын нутгаар цас, бороо орж, Баян-Өлгий, Ховд аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с, зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3 градус хүйтэнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 28, 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанХовд аймгийн Буянт сумын Цагаанбургас багийн “Зэгстийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 35 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ малчин Н-ын 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 05.24-ний өдрийн 12:25 цагт хүлээн авсан.  Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга малчин Н-ын 5 ханатай гэр 05.24-ний өдрийн 12:10 цагийн орчим шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:09 цагт очиход иргэн Э-гийн “Тоёота Марк-2” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.24-ний өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 18:37 цагт очиход иргэн А-гийн 7х10 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 02:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 02:48 цагт очиход эзэнгүй 16х11 метрийн хэмжээтэй сүрлэн байшин шатаж байсныг бүрэн унтраахаар ажиллаж байна.

3.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуургаБаян-Өлгий аймгийн Өлгий суманд 05.24-ний өдрийн 21:15 цагаас шуурсан хүчтэй шороон шуурганы /25 м/с/ улмаас 1 өрхийн гэр, Биеийн тамир, спортын заал, Улсын нөөцийн салбар, 2 орон сууц болон 3 айлын байшингийн дээвэр хууларсан тухай дуудлагыг 05.24-ний өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид байгууллага, орон сууц болон айлын байшингийн хууларсан дээврийн мод, төмрийг холдуулах, нурсан айлын гэрийг хураах зэрэг ажлуудыг хийж байна.  

Халтиргаа, гулгаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд автомашин айлын хашаа руу гулгаж ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 04:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 04:30 цагт очиход Яаралтай түргэн тусламжийн төвийн жолооч Х-гийн жолоодож явсан “Старекс” загварын суудлын автомашин айлын хашаа руу гулгаж орсон байсныг татаж гаргасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top