Аврагчид ангийн шинэ барилгатай, орон сууцтай боллоо

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар Гал унтраах, аврах ангийн шинэ барилгатай боллоо. Улс эх орны аюулгүй байдал, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үүрэгтэй Онцгой байдлын албаны албан хаагчдын хувьд  гал унтраах, аврах ангийн шинэ барилгатай болсон нь томоохон баяр юм.

Нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү  нар биечлэн оролцлоо.

Гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд шуурхай тусламж үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна албан хаагчдын ажиллах таатай орчин нөхцлийг сайжруулах, тэдний  нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн томоохон үйл явдал болж байгаа юм.

Онцгой байдлын газрын хоёрдугаар зэрэглэлийн Гал унтраах, аврах анги нь 36 албан хаагчтай. Говьсүмбэр аймгийн хувьд ахуйн гал түймэр, салхи шуурга, зам тээврийн осол ихэвчлэн тохиолддог.

Өвлийн улиралд иргэд цасанд боогдож автомашинтайгаа хээр, гадаа суух, төөрөх зэрэг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагуудад зонхилон ажиллаж байна.

Гал унтраах, аврах ангийн барилга нь найман айлын орон сууцын хамт баригдсан. Албан хаагчид өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаас орон сууцны түлхүүрээ гардан авлаа.

2015 онд Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхи, бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулахад 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, албаны чадавхийг бэхжүүлэх, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Үүний нэг жишээ нь 2015-2016 онд Дархан- Уул, Сэлэнгэ, Архангай, Говьсүмбэр, Говь-Алтай, Төв, Завхан, Хэнтий аймаг, Багахангай дүүрэгт аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил хийгдэж байгаагаас хамгийн анхны ангийн барилгын ажлыг ашиглалтанд хүлээн авч байгаа нь Говьсүмбэр аймаг болж байна.

Улсын төсвийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Гал унтраах, аврах анги нь 4300 м кв талбайтай, гурван давхар барилга юм. Барилгын гүйцэтгэгчээр “Зос трейд” ХХК ажиллаж ангийн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтанд ийнхүү хүлээлгэн өглөө.

Гал унтраах, аврах ангийн барилга нь Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын хувьд гал унтраах, аврах ангийн хуучин барилга нь баригдаад 25 жил болсон юм байна.

9X1A8295 9X1A8307 9X1A8309

IMG_53399X1A8301

scroll to top