1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 19-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 28, 29-нд нутгийн баруун өмнөд хэсгээр хална.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, Хангайн 79 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 02:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:30 цагт очиход “Тод” ХХК-ийн “Хонда” загварын автомашины бүхээг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн тээврийн хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 0.5 км зам туулан 14:14 цагт очиж иргэн Г-ийн 8 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ний өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:47 цагт очиж иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Дадал сумын Агц багийн “Түмэн хоньт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 340 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар анги, Хилийн 0275 дугаар ангийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газар, “Онон Балжийн байгалийн цогцолборт газар”-ын ажилтнууд ажиллаж 05.26-ны өдрийн 01:08 цагт түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт нийт 2800 га талбай өртөж шатсан.
4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 22 км-т, 51°25”12.0”N 100°22”12.0”E/ 05.26-ны өдрийн 04:44 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар 04:50 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хадан хушуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 249 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км/-т суудлын автомашинтай 2 хүн “Хэрлэн” голыг гатлах үедээ суусан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 55 км замыг туулан 23:30 цагт очиж Мөнгөнморьт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчин явсан “Лексус Арэкс-350” загварын автомашинтай иргэн Б /47 настай, эмэгтэй/, М/40 настай, эрэгтэй/ нар “Хэрлэн” голд автомашин нь хагас живсэн, автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 22 минут ажиллан /автомашиныг үлдээж/ 2 хүнийг аварч гарган сумын төвд хүргэсэн.
Төөрсөн, сураггүй болсон: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дээд харганын Гэзгийн давааны улаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 195 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т 05.25-ны 17:00 цагийн үед иргэн Б адуундаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 05.26-ны өдрийн 03:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 03:35 цагаас иргэн Б /16 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаж мөн өдрийн 05:00 цагт “Гэзгийн давааны улаан хад” газраас зүүн зүгт 15 км-т малчин Д-ийн гэрт эсэн мэнд байсныг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР