Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-ний өдөр нутгийн хойд хэсгээр, 30-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-р сарын 1-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-ний өдөр Алтайн салбар уулсаар, 30-ны өдөр нутгийн зарим газраар, 31,01-ний өдөр говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 31-ний өдрөөс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Өвөр хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 117 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т / суудлын автомашин шатаж, малчин Г өртөж нас барсан тухай мэдээллийг 05.27-ны өдрийн 11:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 53 км замыг туулан 13:28 цагт очиход “Пробокс” загварын суудлын автомашин бүрэн шатсан /гэр бүлийн маргаантай, автомашинаа өөрөө шатаасан/ байсан бөгөөд малчин Г /20 настай, эрэгтэй/-ыг автомашинаас нь 500 метрийн зайтай газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын олгойн 3 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.28-ны өдрийн 00:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 00:39 цагт очиход иргэн М-ын 5х8 метрийн хэмжээтэй гараашийн хананы хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 313 км-т, сумын төвөөс баруун зүгт 29 км-т, 51°35’24.0”N 100°15’36.0”E/ 05.27-ны өдрийн 20:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 20:27 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

 Салхи, шуурга – Шороон шуурга: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн “Зуслантын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 225 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км-т/05.27-ны өдрийн 00:24 цагийн орчим 20-22 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас малчин Г-ийн 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг 05.27-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус сумын Хангал багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 05.27-ны өдөр тухайн газар очиж, малчин Г-ийн 5 ханатай гэр нурсан нөхцөл байдалтай нь танилцсан.     

5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:     

 Бусад төрлийн осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар байранд дулааны шугам сүлжээний худагт бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг 05.27-ны өдрийн 08:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 08:19 цагт очиход М /2 настай, эрэгтэй/ дулааны шугам сүлжээний 3 метрийн гүнтэй худагт унасан байсныг 8 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top