1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймагт бороо, Орхон, Төв аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 6-р сарын 1-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 1-2-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн, 2-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Цээл сумын Жаргалт баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвд/ 4 ханатай гэр 05.30-ны өдрийн 15:00 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг 05.30-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус сумын иргэн Ц-ийн 4 ханатай гэр шатсан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 16:11 цагт очиж иргэн Э-ын 7х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрхи ачаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 22:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 22:14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин дээрхи ачаа /карго 26 тн/ шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР