АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дорнод, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо, нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-ны өдөр нутгийн зүүн хагаст, 3, 4-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 2-ны өдөр Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар 14-16 м/с, 5-ны өдөр Алтайн салбар уулсаар 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 2-ны өдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 39 дүгээр гудамжны 563 тоот байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 09:44 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 09:49 цагт очиход иргэн С-ийн 5х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 22 дугаар хороо, “Скай ресидэнс-2” хотхоны 192/А байр байрны гадна талын хананы хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 20:34 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:41 цагт очиход тус байрны хогийн цэг болон 16 давхар байрны 1 давхраас 10 давхар хүртэлх гадна талын дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Мандал сум. Баянсуудал багийн “Төмөр замын өндөр гүүр” гэдэг газар мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:44 цагт очиход “Супер бэнни” загварын мотоцикл /эзэн нь тодорхойгүй, улсын дугааргүй/ шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан.    

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:     

Цас шаварт суусанЗавхан аймаг, Алдархаан сум. Өгөөмөр багийн “Өгөөмөр бригадын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс буруун зүгт 65 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 2 зорчигчтой суудлын автомашин “Өгөөмөр” голын усанд суусан тухай дуудлагыг 06.01-ний өдрийн 01:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 75 км замыг туулан 04:00 цагт очиход иргэн О-ын жолоодож явсан 24-42 УБЗ улсын дугаартай “Бенз 500” загварын суудлын автомашин “Өгөөмөр” голын усанд суусан байсныг 1 цаг 30 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top