Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 48 дугаар ангийн “Гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын авто машины гарааш”-ийн өргөтгөлийн барилгыг орон нутгийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөжээ. Үүнээс энэ жил эхний ээлжинд 75 сая төгрөгийг төсөвт суулгаж, авто гараашийн өргөтгөлийн барилгыг “Зөөлөн тэмүүлэл ХХК” барьж гүйцэтгэхээр болж, барилгын суурийн ажлыг эхлүүлсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газар нь таван автомашины багтаамж бүхий нэг авто гарааштай.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд тус газарт өнгөрсөн хавар тусгай зориулалтын гурван авто машиныг нийлүүлсэн. Эдгээр авто машиныг хадгалах гараашны хүрэлцээ муу учир ийнхүү гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын 4 автомашины гарааш барихаар болсон юм. Автомашины гараашийн барилгыг ирэх 06-р сарын 10 гэхэд хүлээлгэж өгөхөөр гэрээ хийн ажиллаж байна гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.