Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өглөө. Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдсан 11,913 хүн халдвар авсны 3,876 нь давтан тунгаа хийлгэсэн. Гэхдээ бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байна. Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын 15-наас халдварын тохиолдол буурах тухай танилцууллаа.
Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. 13,197 хүүхэд халдвар авснаас 5-9, 10-14 насныхан дунд өвчлөл өндөр. Насанд хүрэгсдээс 25-34 насны иргэд түлхүү өвчилж байгаа бөгөөд 18-34 насныхны 81-85 хувь, 55-аас дээш насны иргэдийн 95 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ.
Засгийн газар100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, нэмж 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна. Ерөнхий сайд дархлаажуулалтын явц тааруу байгаа цэг болон аймгуудын удирдлагуудын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.