Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь вакцины эхний тунд, 64 хувь нь хоёр дахь тунд хамрагдаад байна. Үүнээс 652 мянган хүн давтан тун тариулаад 14-өөс дээш хоносон буюу дархлаажих хугацаа нь болсон иргэд байна. Энэ сарын 15 хүртэл вакцинжуулалтыг эрчимжүүлнэ гэж УОК-ийн гишүүн, Засгийн газрын ХМХГ-ын дарга Ц.Ганзориг хэллээ. Мөн халдварт өртсөн иргэдийн 30 хувийг хүүхэд, 40 хувийг 18-34 насны иргэд эзэлж байгааг онцлов. Тиймээс бүх шатны Засаг дарга нарт вакцинжуулалтыг идэвхижүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгч, Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдөр ажилласныг тэрээр тэмдэглэв.
УОК-ийн гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдын дүгнэж байгаагаар вакцинжуулалтын үр дүн зургадугаар сарын 15-наас гарч, бүртгэгдэх халдварын тоо буурна. Иймд иргэд ялангуяа, 18-35 насныхныг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа Давтан тунд хамрагдсан иргэд халдвараас сэргийлж байгаа үр дүн харагдаж байна. Халдварт өртсөн ч маш хөнгөн өвдөж байгааг тэрээр онцлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.