Онцгой байдлын байгууллагаас анхны “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” төрлөө

193348427_494942068589087_4078451363982547798_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн зөвлөх профессор, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хошууч генерал О.Үржинг “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагналаа.

Тэрбээр ийнхүү Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан анхны Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болж байна.  

О.Үржин нь УИХГ-ын газрын дарга, УБОК-ын орлогч даргаар ажиллах хугацаанд орчин үеийн шаардлага, олон улсын жишиг, улс орныхоо хэрэгцээнд нийцүүлэн байгууллагыг чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэний хамгаалалтын уламжлалт үзэл санаа, ойлголтыг өөрчлөх, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх замаар гамшгийн менежментийг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн юм.

Үр дүнд нь гамшгаас хамгаалах тухай хууль батлуулж, Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдаж, улмаар өнөөгийн  Онцгой байдлын байгууллага болон хөгжиж, олон улсын түвшинд нэр хүнд нь өсөх үндэс тавигдсан юм.

Тэрбээр бие даан болон бусадтай хамтран 18 ном, гарын авлага бичсэн бөгөөд эдгээр ном гарын авлагын 11 нь гамшиг судлал, аюулгүй байдлын чиглэлийн бүтээл байгаа юм. Мөн 24 ном, гарын авлагыг ариутган шүүж, 60 гаруй илтгэл, нийтлэл, эрдэм шинжилгээний өгүүлэл тууривсан байна.

Түүнчлэн шинжлэх  ухааны боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч, аюулгүй байдал, гамшгаас хамгаалах ухаан болон цэргийн шинжлэх ухааны чиглэлээр 24 докторантын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, зөвлөхөөр  ажиллаж, тэдгээрт судалгаа шинжилгээний ажлын арга зүйг зохих төвшинд эзэмшүүлсэн бөгөөд  шавь нар нь доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгаалсан  юм. Одоо тэрээр 10 докторантын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар ажиллаж байна. Мөн батлан хамгаалах болон аюулгүй байдлын чиглэлээр 18 магистрын ажлыг удирдаж хамгаалуулсан байна. Аюулгүй байдлын ухааны чиглэлээр, түүний дотор гамшиг судлалын чиглэлээр  бэлтгэгдсэн докторууд үндсэндээ түүний шавь нар бөгөөд тэд аюулгүй байдал болон гамшгаас хамгаалах судлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top