1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 14 км зам туулан 19:49 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Эрчим хүчний осол: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Задгай”-д 3 давхар барилга дээр интернетийн шугам сүлжээ засварлаж байсан 1 хүн цахилгааны хүчдэлд цохиулж унасан тухай дуудлагыг 06.03-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 1 км зам туулан 17:40 цагт очиход “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ажилтан Ц /32 настай, эрэгтэй/ нь Стар зоогийн газрын 3 давхар барилга дээр интернетийн сүлжээ засварлах явцдаа 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас баруун хөлийн сарвуу, баруун гарын шууны хэсгээр түлэгдсэн байсныг эсэн мэнд буулгаж дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн.
Усны осол: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Иргэн Ц-нь /согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ 06.02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явган гарч яваад Ховд голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 09:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Ц/48 настай, эмэгтэй/-ийг “Цоохор харгана” гэдэг газраас “Бор-Овоо” гэдэг газар хүртэл 30 км завиар, Ховд голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 06.04-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Бусад төрлийн осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Их сургууль”-ийн 6 дугаар гудамжинд бага насны хүүхэд 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан тухай дуудлагыг 06.03-ны өдрийн 20:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 км зам туулан 20:17 цагт очиход иргэн Ө /4 настай, эрэгтэй/-нь 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР