Хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийн аюулгүй байдлыг хангалаа

92-70a8uw3n5fbqwe468seypecpxugtsc8w10tjtiro20w.jpg

Нийслэлийн хэмжээнд голын усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ. Тодруулвал Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарийн дагуу Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн сургагч багш нар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 28, 30, 35, 64 дүгээр ангиудын бэлтгэл ээлжийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн голд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэж эхэллээ.

Өнөөдөр хөдөлгөөнт эргүүлээр ажилласан алба хаагчид голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, 162 хүүхдийг голын эргээс холдуулж, 149 тээврийн хэрэгслийг голын эргээс 50-100 метрийн зайд байрлуулан,  усанд осолдохоос урьдчилан сэргийлэх гарын авлага 384 ширхэгийг тарааж, зөвлөмж яриаг 736 иргэнд хийж, сэрэмжлүүлэг, анхааруулгыг тусгай зориулалтын автомашины чанга яригчаар 36 удаа нэвтрүүлж ажиллалаа.

Мөн намгархаг газар суусан 5 автомашиныг аюулгүй газарт гаргаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1 автомашинтай 5 иргэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт, 2 иргэнийг ар гэрийнхэнд нь тус тус хүлээлгэн өгсөн байна.

Аялал зугаалгын улиралд голын эрэг, ногоон бүсэд зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, голын усны осол, ой хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг болзошгүй голын усны осол, гал түймрийн аюулаас сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

scroll to top