1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос 6-11 м/с, 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-ны өдөр нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Дэрстэй” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 179 км-т, сумын төвөөс урд зүгт 4 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 06:46 цагт очиход иргэн Э-ын “N8DSF1” загварын ачааны автомашины дугуйны хэсэг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1 дүгээр хэсгийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.08-ны өдрийн 09:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 10:05 цагт очиход иргэн Э-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг болон эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
– Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Халуун рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 305 км-т, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 125 км-т/, Урд тал 49°01”26.8” N 107°31”20.1”E, зүүн тал 49°01’29.7”N 107°32”29.4”E www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад 06.04-ний өдрийн 20:05 цагт ойн түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 06.07-ны өдрийн 16:05 цагт цурамд оруулж, 06.08-ны өдрийн 14:00 цагт бүрэн унтраасан. Түймрийн голомтод 06.07, 08-ны өдрүүдэд бороо орсон. /Түймэрт урьдчилсан байдлаар 1200 га талбай шатсан/
4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Үер – Гол, мөрний усны үер: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Энхтайваны гүүр”-ны зүүн тал, “Дунд гол”-ын урд талд “Барилга, үйлдвэр технологи” ХХК-ийн хашаанд 2 хүн голын усанд боогдсон тухай дуудлагыг 06.09-ний өдрийн 04:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 5 км замыг туулан 04:50 цагт очиход “Барилга, үйлдвэр технологи” ХХК-ийн харуул Д /68 настай, эрэгтэй/, Э/66 настай, эрэгтэй/ нар голын усанд боогдон харуулын байрны дээвэр дээрээ гарсан байсныг 30 минут ажиллан аюулгүй газарт гаргасан.
5.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 28 км-т/ Иргэн Ц нь 06.02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад “Ховд” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.08-ны өдрийн 07:00 цагаас иргэн Ц /48 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. 06.08-ны өдрийн байдлаар тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас Баянхошуу багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл “Ховд” голын усаар 60 км-т завиар урсаж, 3 метрийн гүнд 24 удаагийн шумбалт шумбалт хийж, голын эрэг дагуу 20 км-н радиуст явганаар болон морьтой эрэн хайх хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 23:00 цагт түр зогсоосон. 06.09-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР