Б.Тэлмэн: Би аавынхаа үргэлжлэл

4e9287216c009562e18574b2070cd732.jpg

“Ми-8” онгоцны ослоор 14 жилийн өмнө нас барсан Үндэсний аврах бригадын алба хаагч, ахлах ахлагч А.Болдын хүү Б.Тэлмэнтэй ярилцлаа. Тэрбээр аавынхаа ажиллаж байсан ангид ажилладаг юм.

-Аавынхаа тухай бидэнд яриад өгөөч?

-Миний аав Агаарын харуулын албанд 1984 онд орж байсан юм билээ. Тэр цагаас хойш тасралтгүй ажиллаж байгаад 2007 онд зургадугаар сарын 14-нд онгоцны ослоор өөд болсон. Манай аав энэ салбарт ажиллаж байхдаа ой хээрийн түймрийн олон дуудлагаар ажиллаж байлаа. Мөн шүхрийн спортоор хичээллэдэг байлаа. Би энэ ангид ажиллаж байгаа нь аавынхаа дутууг гүйцээж байгаа юм. Болд гэж хүний үргэлжлэл энэ ангид байх ёстой гэж би дотроо бодож, энэ албандаа үнэнч ажиллаж байна. Би энэ ангид ажиллаад 17 жил болж байгаа. Аавыгаа өөд болохоос гурван жилийн өмнө нь энэ ангид томилогдож ирж байлаа. Аавтайгаа 2006 онд анх түймэрт явж байлаа. Тэр үед аав надад олон зүйлийг зааж өгсөн. Миний аав чинь ан хийх дуртай, уул хадаар явах дуртай хүн байсан. Сайхан сэтгэлтэй, хүнд ерөөсөө үг хэлдэггүй байсан даа.

-Ослын тухай дуудлага та нарт хэзээ ирсэн байдаг юм бэ?

-Онгоц алга болсон мэдээ ангид анх ирсэн. Эхний эрлийн багт би багтаж, Зүүнхараа руу ниссэн. Биднийг хайж байхад “Онгоц олдлоо” гээд намайг Улаанбаатар руу буцаасан юм. Дарга нар “Гэр бүлдээ очоод байж бай. Онгоц осолдсон учир гэр бүлийн хүмүүсээ тайвшруул” гэж явуулсан. Тэндээс гарахдаа аавыгаа амь үрэгдсэн гэж бодоогүй. Гэртээ ирсэн чинь ээж, дүү хоёр минь уйлаад, гэр нэг л хүйтэн угтахаар нь л бүгдийг мэдсэн. Зүүнхараагаас ирэх замдаа “Миний аав зүгээр байгаа” л гэж итгэсээр ирсэн.  Одоо бодохоор маш хэцүү санагдаж байна.  Тухайн үед айлын том хүү үлдлээ дээ шүдээ зуугаад тэвчиж байсан юм.

-Аав тань Тэрэлжид гарсан түймрийг унтраагаад ирсэн байсан уу?

-Тэрэлж рүү аав яваагүй, би явсан байсан. Мандал руу би явах байсан ч аав миний оронд явсан юм. Тэрэлжээс ирээд “Мандал явахаар боллоо” гээд аав руу залгахад “Хүүхэд чинь жаахан байхад чи үлд. Би явна” гэж хэлээд явсан. Манай том охин тухайн үед хэдхэн сартай байлаа. Аав бид хоёр машинтайгаа зөрөөд уулзаж чадаагүй. Намайг гэртээ очиход аав хэдийн явчихсан байсан. Тэгж л аавтайгаа хамгийн сүүлд утсаар ярьсан байдаг.

-Харамсдаг уу?

-Заримдаа аавынхаа оронд би явсан бол гэж боддог. Гэхдээ аавынхаа хийж чадаагүй бүхнийг үргэлжлүүлээд явж байгаа болохоор тэр бүр харамсдаггүй юм. Харамсахгүйн тулд би энэ албанд үнэнч зүтгэж байна. Аврагч гэдэг хүн чинь сэтгэлийн хаттай байх ёстой шүү дээ.

-Аврагч нар аавыг тань ослын газарт ямар байдалтай байсан гэж ярьдаг вэ?

-Ямар ч гэсэн ослын дараа амьд байсан юм билээ. Өөрөө мөлхөөд модны сүүдэрт суугаад “Ах нь яах вэ, наад хүмүүсээ гаргахаа бод” гэж хэлж байсан гэдэг. Тэгээд хоёр хоногийн дараа нас барсан гэсэн. Энэ тухай тухайн үед аавтай минь хамт байсан ах нар ярьдаг. Би гэхдээ тухайн үед нүдээрээ хараагүй болохоор сайн мэдэхгүй.

-Цогц таних үйл ажиллагаанд хэн оролцсон юм?

-Би орсон. Тухайн үед бүх зүйлийг нь цэвэрлэсэн байсан болохоор хүн харахын эцэсгүй, нүд хальтрам байгаагүй.

-Эрлийн багийнхан онгоцыг нэг хоногийн дотор олсон бол гэж боддог уу?

-Осол болсон газар нь тайга. Шууд олоход маш хүндэлтэй газар байсан юм. Тийм учраас тэгж боддоггүй. Бид тал дээрээс хүн хайгаагүй, өвсөн дотроос зүү хайж байхтай л адилхан байсан.

-Аавыгаа ямар үед илүү санадаг вэ?

-Ээж минь аавыг бурхан болсоноос хойш дөрвөн жилийн дараа гэнэт бурхан болчихсон. Би тухайн үед БНӨСУ-д энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан юм. Намайг ирэхээс 10 хоногийн өмнө гэнэт зүрх нь зогсож, хэд хоног эм тариагаар байсан ч уулзаж чадалгүй бурхан болсон. Ээлж солилцох нислэг хойшлоогүй байсан бол би уг нь ээжтэйгээ уулзаж чадах байсан. Харамсалтай нь би аавтайгаа ч, ээжтэйгээ ч уулзаж чадаагүй. Аавыг өөд болоход миний бага дүү нэгдүгээр ангийн сурагч байлаа. Дүүгийнхээ хонхны баяр, хамаатны уулзалтын үеэр л аавыгаа их санах юм. Би чинь хоёр дүүгийнхээ аав, ээж болж байна даа. Тэр хоёрыгоо юмаар дутаах вий, сэтгэлээр унагаачих вий л гэхээс айдаг. Зөвлөх хүн болохоор заримдаа их бэтгэрч, аав, ээжийгээ санадаг.

-Аавынх нь мөрөөдөл биелсэн үү?

-Би аавынхаа үргэлжлэл. Би офицер болж, спортын мастер болсон. Тэгэхээр миний аавын мөрөөдөл биелсэн байх. Би чинь аавынхаа мөрөөдөл байсан шүү дээ. 

Эх сурвалж: ergelt.mn

scroll to top