Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Говьсүмбэр, Орхон, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, Салхи баруун өмнөөс 6-11 м/с, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14,15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 14:22 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 14:27 цагт очиход иргэн У-ын 12х18 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 17:37 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 17:40 цагт очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 24 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 21:13 цагт очиход эзэнгүй 3х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Булган аймгийн Хангал сумын Урт  багийн “Бөхөнгийн-Амралт“ гэдэг газар /Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвөөс зүүн хойд зүгт 26 км-т, Булган аймгийн Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангиас баруун урд зүгт 40 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 00:12 цагт хүлээн авсан.Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 26 км зам туулан 00:59 цагт очиход иргэн Г-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн “Задгай”-д Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.12-ны өдрийн 03:33 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 03:39 цагт очиход иргэн Г-ын 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 05:43 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан, 05:46 цагт очиход иргэн Д-ийн 3х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

– Гол, мөрний усны үер: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн “Задгай”-д /аймгийн төвөөс урд зүгт 105 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т Ерөө гол үерлэсний улмаас 2 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км зам туулан 06.11-ний өдрийн 06:00 очиж 10 хүнийг аюулгүй газарт гаргаж, 2 гэрийг нүүлгэн шилжүүлсэн. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин  багийн “Хужиртын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 105 км, сумын төвөөс баруун урд 25 км / Ерөө гол үерлэсний улмаас 11 айлын гэр усанд автсан тухай  дуудлагыг 06.11-ний өдрийн 07:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ерөө сумын Засаг даргын Тамгийн газрын ажилтнууд 25 км зам туулан 08:00 цагт очиж 29 хүнийг аюулгүй газарт гаргаж,  11 гэрийг нүүлгэн шилжүүлсэн.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн “Ханх” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 68 км, сумын төвөөс урд зүгт 28 км-т/ Хараа гол үерлэсний улмаас  8 айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид 68 км зам туулан 12:37 цагт очиж 19 хүнийг аюулгүй газарт гаргаж, 8 гэрийг нүүлгэн шилжүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн “Их царван” гэдэг газар  /аймгийн төвөөс урд зүгт 60 км, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ Ерөө гол үерлэсний улмаас 1 айлын гэр  усанд автсан тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 06.11-ний өдрийн 15:50 цагт 2 хүн, 24 бүл зөгийн үүр, 1 гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн. 

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16”11.0”, У-100°46”14.0”/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авч мөн өдрөөс 05.02-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 4 хүний цогцсыг олж уснаас гаргасан бөгөөд 3 хүний цогцсыг эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан боловч 06.04-ний өдөр 1 хүнийн цогцос олдсон. Олдоогүй 2 хүнийг дахин эрэн хайх хүсэлтийг 06.11-ний өдөр ар гэрээс нь ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 6.11-ний өдрийн 12:40 цагаас эхлэн  тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат иргэн Г /50 настай, эрэгтэй/, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /8 настай, эмэгтэй/ нарын цогцсыг 06.11-ний өдрийн 12:40 цагаас эхлэн Тээл багийн “Тэгш булан” гэдэг газраас Их-Уул сумын Шивээ багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар хүртэл 50 км-т завиар, мөн автомашинаар голын эрэг дагуу 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:10 цагт түр зогсоосон. 06.12-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хонгор-Өлөн багийн “Хар” нуур гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 28 км-т/ “Хар” нуурын эрэг дээр 8 хүн, 1 автомашин, 1 мотоциклоор 06.10-ны өдрийн 22:00 цагт очиж загасчилж байснаас 6 хүн, 1 автомашинтай Хар нуурын усанд живсэн тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 98 км зам туулан 17:30 цагт очиж тус сумын харьяат иргэн С/19 настай, эрэгтэй/, А/19 настай, эрэгтэй/, А /19 настай, эрэгтэй/, Н /19 настай, эрэгтэй/, Г /19 настай, эрэгтэй/, Н /13 настай, эрэгтэй/ нарыг автомашинтай нь  “Хар” нуурын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 19:45 цагт нуурын эргээс 10 метр, 5 метрийн гүнд “ГАЗ-2410” загварын суудлын автомашин живсэн байхыг олсон. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар ОБГ-ын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Төрбилэгээр ахлуулсан алба хаагчид 06.12-ны өдрийн 01:15 цагт Толбо сумын чиглэлд явж 03:41 цагт очсон. Автомашиныг татан гаргах ажиллагааг 05:00 цагт эхлүүлж 05:29 цагт автомашиныг уснаас татан гаргахад бүхээгний хойд хаалга онгойсон байсан бөгөөд бүхээгт иргэн А/19 настай, эрэгтэй/-ын цогцос байсан. 06:47 цагт иргэн С /19 настай, эрэгтэй/, иргэн А/19 настай, эрэгтэй/, иргэн Г /19 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, 07:15 цагт Н/19 настай, эрэгтэй/, Н /13 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус тус гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Усанд суусан: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар  багийн “Хүйтний гол” гэдэг газар / аймгийн төвөөс хойд зүгт 30 км, сумын төвөөс хойд зүгт 55 км-т/Хүйтний голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 18:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км зам туулан 20:03 цагт очиход тус аймгийн Дархан сумаас Хүйтний гол гэдэг газрын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ийн “Ланд круйзер-100” загварын суудлын автомашин усанд суусан байсныг 23:00 цагт татан гаргасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Бетонон гүүр” гэдэг газар Улиастай голын усанд суудлын автомашин суусан байна гэсэн дуудлагыг 06.11-ний өдрийн 21:31 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 15 км зам туулан 21:55 цагт очиход нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн О /61 настай, эрэгтэй/ нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо “Шар хад”-наас Тэрэлжийн амралтын чиглэлд зорчиж явсан “Сүзүки” загварын суудлын автомашин яваад усанд суусан байсныг 22:05 цагт татан гаргасан. 

Бусад төрлийн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Бор толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т Хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 1 иргэн 3 метрийн гүнтэй нүхэнд олборлолт хийж байхад нурал болж шороонд дарагдсан тухай дуудлагыг 06.11-ний өдрийн 03:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Баянгол сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 06.11-ний өдрийн 16:22 цагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны харьяат иргэн Т/24 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 3 метрийн гүнтэй нүхнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР  

scroll to top