Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 онд гаргасан мэдээллээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 300 гаруй ил, далд уурхай ажиллаж байгаа ба “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн дагуу эдгээр уурхайд тэсэлгээний ажил үйлчилгээ хийх “Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөл”-тэй 85 компани, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглаж, тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын буруутай үйл ажиллагаа, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан том хэмжээний аюул, осол үүсэх эрсдэлтэй байдаг. Иймд зааврын төслийг Гамшгаас хамгаалах тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон боловсруулсан. (Сум, галт хэрэгсэлтэй холбоотой ослын үед Зэвсэгт хүчний 084 дүгээр анги ажилладаг болно)
Энэхүү зааврыг ажилтан, алба хаагчдад ойлгомжтой байдлаар боловсруулж “Аюулгүй ажиллагаа нэгдүгээрт” гэсэн олон улсын зарчмыг удирдлага болгосон ба дараах зарчмын шинж чанартай зохицуулалтыг тусгасан. Үүнд:
1. Тэсэрч дэлбэрэх бодисоос үүдэлтэй ослын үед тусгай мэргэжлийн албадыг зохион байгуулж ажиллуулах;
2. Аврах ажиллагааны үеийн аюулгүй ажиллагаа;
3. Аврагчдын гүйцэтгэх үүрэг.
Зааврын төсөлд мэргэжлийн шаардлагатай нэр томьёоны тодорхойлолт, ослын үеийн зохион байгуулалт, аврах бүлгийн шуурхай ажиллагаа, тусгай мэргэжлийн албадыг зохион байгуулж ажиллуулах талаар болон аврах ажиллагааны үеийн аюулгүй ажиллагаа, аврагчдын үүргийн талаар тус тус тодорхойлсон ба 6 хэсэг, 85 заалттай. Хавсралтаар ослын дуудлагын хуудас, шуурхай ажиллагааны тактикийн төлөвлөгөөний маягт, тэсрэх бодисын үйлдвэр, агуулахад байвал зохих бичиг баримтын иж бүрдэлийг хавсаргав.
Энэхүү заавар батлагдан гарснаар Монгол Улсын уул уурхайн салбарт гарч болзошгүй тэсэрч дэлбэрэх бодисоос үүдэлтэй ослын үеийн аврах, хор уршгийг арилгах шуурхай байдал хангагдана гэж үзэж байна.
Тэсэрч дэлбэрэх бодисоос үүдэлтэй ослын үед ажиллах зааврын төслийг эндээс татаж авна уу.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР