“Ми-8” онгоцны ослоос амьд үлдсэн шүхэрчин Г.ГАНЖИГҮҮР: Онгоцноос гараад хамгийн түрүүнд найзтайгаа уулзаж, зэрэгцээд хамт хоносон. Найз минь өглөө болоход бурхан болчихсон байсан

3a325e7e47fc350a8fec5ee2bc178fe4.jpg

 “Тэр өдөрт харамсдаг. Хамт үүрэг гүйцэтгэж явсан нөхдөө дурсалгүй яах вэ. Жил жилийн зургадугаар сарын 14-ний үүрээр яагаад ч юм сэрвэлзээд унтаж чаддаггүй. Хэрэв анд нөхөд минь байсан бол…” хэмээн ярих онцгойгийн алба хаагчийг Ганбатын Ганжигүүр гэдэг. Тэрбээр өдийгөөс 14 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Улаанбаатар хотоос “Ми-8” нисдэг тэргээр ниссэн 22 алба хаагчийн нэг. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байсан нөхдийнхөө үргэлжлэл болж үлдсэн долоон алба хаагчийн нэг нь тэр.

Монгол Улс  эрэлхэг 15 хөвгүүнээ алдаад 14 жил өнгөрч байна. Бид энэ өдөр онгоцны ослоос амьд гарсан Үндэсний аврах бригадын Сургалт, соёл хүмүүжлийн албаны Агаарын ажиллагааны мэргэжилтэн, нисэн ажиглагч, хошууч Г.Ганжигүүрийг зорьж, ярилцсан юм.

-14 жилийн өмнө яг юу болсон юм бэ. “Ми-8” нисдэг тэрэг осолдож, 15 залуу амиа алдсан гунигт өдрийг манай уншигчдад эргэн сануулж болох уу, та?

– Бид Тэрэлж орчимд гарсан ой хээрийн түймэрт долоо хоног дайчлагдаж, унтраагаад Улаанбаатар хотод 2007 оны зургадугаар сарын 13-нд ирсэн. Аврах тусгай ангидаа дөнгөж ирээд байхад “Сэлэнгэ аймгийн Мандал суманд түймэр гарсан учир шүхэрчдийг онгоцоор тээвэрлэж, түймрийн голомтод буулгана” гэсэн шийдвэр гарсан. Ингээд өглөө нь үүрэг гүйцэтгэхээр Мандал сум руу ниссэн. Биднийг нисэхэд цаг агаар бүрхэг, бороо шивэрч байлаа. Нислэг үйлдээд явж байхад манан татаж, нисэхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Мандал сумын нутаг дэвсгэрт түр зуур бууж, цаг агаарын нөхцөл байдлыг 10-20 минут хүлээсэн. Тэнгэр цэлмэж, нислэг үйлдэх боломжтой болохоор нь бид цааш хөдөлсөн юм. Агаарт хөөрөөд удалгүй дахиад л битүү манан руу орсон. Тэр үед уулын орой дээр явж байсан санагддаг. Тэгээд л онгоц элгээрээ модны орой шүргэх шиг болсон. Нисгэгч “Өндрөө авъя” гээд араагаа татсан ч дийлээгүй байх.

-Уулын орой шүргэж байгаа нь мэдрэгдсэн юм уу?

-Онгоцны доороос ямар нэг юм цохиж байгаа нь мэдрэгдэж, онгоц эргэлтэд орсон. Эргэж байгаад л унасан байх. Нэг л мэдэхэд уначихсан байсан. Эргэлдээд байсныг нь санадаг.

-Онгоц осолдсон байна гэдгийг хэдий хугацааны дараа мэдсэн бэ, та?

-Осолдох үед ухаан алдчихсан байсан. Гэхдээ хэр хугацааны дараа ухаан орсон гэдгээ мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа сэргээд онгоцноос гарсан. Онгоц их бие, сүүл хэсгээрээ задарчихсан байлаа. Би сүүл хэсгийн ангайсан хэсгээр нь гарсан юм. Гараад амьд хүн байгаа эсэхийг асууж, чимээ чагнасан. Миний нэг талын хөлний мах язарч, цээж, нуруу хэсэг гэмтсэн учраас явахад хүндрэлтэй байсан. Нэг хөлөндөө ацтай өндөр мод тэвхдэж, онгоц тойрч, амьд хүмүүсээ цуглуулах арга хэмжээ авсан. Ш.Сүхбаатар бид хоёр амьд байгаа ганц, хоёр хүнээ ойртуулж, тэр шөнөдөө шүхрээр хучиж хоносон. Ер нь амьд үлдэх арга замаа л хайсан даа. Хэрэв шүхэр байгаагүй бол хүмүүс тэр шөнөдөө осгох байсан.

-Онгоцны аль талд сууж явсан хүмүүс илүү бэртсэн бэ?

-Тийм зүйл байхгүй. Аль  тал ч гэлтгүй бүгд гэмтэж, бэртсэн. Ялгаагүй л амь үрэгдсэн.

-Анх хэдэн хүн амьд байсан бэ?

-Тийм ч олон хүн амьд байгаагүй ээ. Амьд гарсан долоон хүнээс гадна хоёр, гурван хүн л байсан байх. Онгоцноос гарах боломжтой байсан хүмүүс өөрсдөө мөлхөж гарсан байдаг. Харин талийгаач Цогжаргал маань гараа даруулчихсан учраас эрлийн багийг очтол онгоцон дотор байсан. Сүхбаатарын хоёр хөл бэртээгүй ч явахад хүндрэлтэй байсан. Бид хоёр нэг суучихвал эргэж босох гэж 30 гаруй минут зарцуулахаар бэртэлтэй байлаа.

-Осол болсны маргааш өглөө нь хүмүүс ямар байдалтай байв. Хамгийн түрүүнд юу бодогдож байсан бэ?

-Хүнд л байсан даа. Маргааш нь цаг агаар дулаарч, нар шарж, хүмүүсийн ам цангаж эхэлсэн. Хүмүүс цус их алдсан учраас шингэн зүйл маш их дутагдаж байлаа. Бид бэртэлтэй учир сүйрсэн онгоцныхоо хэсгээс холдож чадаагүй. Тэр хавийн хамаг модыг онгоц унахдаа хяргасан учраас өдөртөө халуун гэж жигтэйхэн. Би авч явсан манеркандаа шээгээд амаа чийглэж байсан. Бас хамт явсан нөхдөдөө ч шээснээсээ уулгаж, амыг нь чийглэж байлааӨөр арга байгаагүй.

-Онгоц осолдсоны маргааш амьд байсан хүмүүс нэг газартаа цуглаж чадсан уу?

-Чадаагүй. Маргааш оройдоо л цугласан байх. Гурван хүн нь нэг газартаа цуглаж, нэг нь онгоцон дотор, нөгөө нь онгоцны хойд талд хөдлөх боломжгүй хэвтэж байсан. Бусад нь өөр газарт байсан. Мөлхөх нь мөлхөөд л ойртож байсан санагддаг.

-Хоёр хоногийн дараа устай золгосон гэдэг бил үү?

-Бороо орж байж л устай золгосон. Сүхээ бид хоёр шүхрээ дэлгэж, манеркандаа борооны ус тосож, 10 гаруй сав устай болсон. Шүхэр ус нэвтэрдэггүй материалтай болохоор их хэрэг болсон шүү. Тэр усаараа л эрлийн багийг иртэл амь зогоосон. Дээрээс нь усаараа хоол хийж идэж, тамир тэнхээ орсон. Мандал сум руу нисдэг өглөө Намсрай дарга “Нойтон мах ав” гээд надад мөнгө өгсөн байсан. Авсан нойтон махаа би бүлгийнхээ ачаа руу хийсэн байсан юм. Тийм учраас ачааны хаана мах байгаа вэ гэдгийг амархан мэдэж хоол хийсэн. Сүхээ бид хоёр том, жижиг хоёр тогоо авч, онгоцноос зайдуу очиж, хоол хийсэн. Том тогоондоо түлш хийж, гал асаагаад дотор талд нь жижиг тогоогоо тавиад шөл буцалгасан. Тэгээд хүмүүстээ өгсөн. Нисгэгч Сугар ах маань “Ямар сайхан хоол вэ” гээд баярлаж байсан даа.

-Гавьяат нисгэгч Сугар гуай та нарт юу гэж хэлж байсан бэ?

-Юу ч хэлэхгүй сэтгэл санаагаар маш их унасан байсан. Бид “Та бидний амийг аварлаа” гэж хэлэхэд “Би олон айлын сайхан хүүхдүүдийг алчихлаа” гэсэн. “Тийм биш ээ, ахаа” гээд тайвшруулаад ч нэмэргүй байсан даа. Маш өндөр чадвартай нисгэгч, шүхэрчин хүн байсан, Сугар ах. Чадвартай нисгэгч байсан гэдэг нь онгоц унах үеэр мэдрэгдсэн. Онгоц унаж явахад түлшээ асгаж, цахилгаанаа салгасан байна лээ. Биднийг амьд үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн хүн. Магад түлшээ асгаж, цахилгаанаа салгаагүй байсан бол бид дэлбэрэх, шатах эрсдэлтэй байлаа. Тэр эрсдэлийг арилгаж чадсан хүн дээ. Ууланд байхад Сугар ахын бие муу байсан. Уулын уруу гулсаад л байдаг юм билээ. Би нөгөө ацтай модоороо дээш нь татахаар буцаад л доошлоод байсан.

-Тухайн үед та хэдэн настай байсан бэ?

-Онцгой байдлын албанд есөн жил ажиллаад байлаа. Би 33 настай байсан.

-Онгоцон дотор явж байсан хүмүүс хэд орчим насных байсан бэ. Олонх нь нас залуу байсан уу?

-Янз бүр л байсан. Нисгэгчид маань ахимаг насных. Бусад нь 40-өөс доош насныхан л байсан байх даа.

-Эрлийн багийнхан та нарын дээгүүр хэдэн удаа ниссэн гэдэг билээ?

-Бидний дээгүүр онгоц 2-3 удаа ниссэн. Осолдсон газар тайга учраас эгц дээрээс нь л харахгүй бол олоход хэцүү. Онгоцонд байсан холбооны хэрэгсэл онгоц унах үед эвдэрсэн болохоор холбоо барих юм байгаагүй. Ачаан дундаас утаа гаргагч олоод онгоц дөхөөд ирэхээр нь утаагаа асаасан. Харамсалтай нь, салхи цохиод утаа дээшээ биш, доошоо газарт шингэсэн. Хүмүүс олон удаа “Утаагаа асаа” гэж шахаж байсан.

-Эрлийн багийнхан “Та нарыг оллоо” гээд дохио өгөхөд юу бодогдож байв?

-Аврагдлаа гэдгээ л мэдэж байлаа. Ямар ч байсан эрэл хайгуул явагдаж байгаа нь тодорхой байсан. Эрлийн багийнхан биднийг олсон шүү гэдгээ мэдэгдэж, дэд хурандаа н.Амарболд, Сэргэлэн нар онгоцны хаалган дээрээс гараа далласан. Тэр хоёр нүүр нь ил харагдаж байсан. Тэд “Бид олсон шүү” гэдэг дохиогоо өгчихөөд нисээд явсан. Тэр хэсэгт онгоц буух боломжгүй байсан учир буцаж 3-4 цагийн дараа явган ирсэн.

-Тэр хугацаа урт санагдаж байсан уу?

-Гайгүй ээ. Аврагдчихлаа гэдгээ мэдсэн болохоор бид их тайван байсан. Ямар ч байсан эрлийн багийнхан биднийг олсон гэж бодохоор тайвширсан. Эрлийн багийнхан биднийг олж харахаас хэдхэн минутын өмнө дээгүүр эргэчихээд яваад өгсөн. Бадамжунай ах Миний хоёр охин тэр онгоцыг нааш нь явуулчихаж чаддаггүй” юм уу гээд газар цохиж, сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн. Бид ч хараад л сууж байсан. Төд удалгүй онгоц эргэхэд ард нь зогсож байсан С.Батдалай “Жунай ахын хоёр охинд баярлалаа” гэж хэлж байсан юм. Эрлийн багийнхан биднийг зөөвөрлөж, Зүүнхараагийн эмнэлэгт хүргэсэн. Нөхдөө уулын мухарт үлдээгээд явж байгаадаа сэтгэл маш тогтворгүй байсан.

 -Гэмтлийн эмнэлэгт хэр удаан эмчилгээ хийлгэсэн бэ?

-Би нөхдөөсөө хамгийн сүүлд хагалгаанд орсон. Хөлний мах язарсан болохоор навчаар боосон. Бохир орж, үхжилт их явагдсан учраас төлжүүлж байгаад хагалгаанд орсон.

-Тэрэлжид гарсан түймрээс ирээд явахгүй гэж хэлэх боломж байгаагүй юу. Таны оронд явах хүн байгаагүй юм уу?

-Тэгж хэлэх эрх байхгүй шүү дээ. Бид чинь тангараг өргөсөн цэргийнхэн. Тушаал л бол тушаал. Тэр дундаа бид чинь шүхэрчид шүү дээ. Явахгүй гэж хэлэх нь бүү хэл явна гэж дайрдаг байлаа.

-Гэрээсээ гарахдаа “Өнөөдөр тэнгэр муухай байна. Нисэхгүй байх. Буцаад ирнэ ээ” гэж хэлээд гарсан алба хаагч нь хэн юм бэ?

-Тэр бол миний найз, Ариунсанаа. Шүхрийн албанд хамт орсон найз, он жав минь. Бидний гэр ойролцоо, нэг дор шахуу байдаг байлаа. Тэрэлжээс ирсэн орой Ариунсанаа “Би ямар ч гэсэн хүүхдүүдтэйгээ хоночихоод ирнэ” гээд харьсан. Гурван хүүхэдтэй байсан юм. Өглөө гэрээсээ гарахдаа “Бороотой, бүрхэг байгаа учир өнөөдөр нисэхгүй ч байж магад. Би эргээд ирнэ ээ” гээд эхнэртээ хэлээд гарсан юм билээ. Тэгээд л эргэж хариагүй. Би онгоцноос гараад хамгийн түрүүнд Ариунсанаатай уулзсан. Бид хоёр эхний шөнө шүхрээ нөмрөөд, хамт хоносон. Өглөө босоход найз минь бурхан болчихсон байсан даа. Биеийн байдал нь хүнд байсан юм. Дараа нь эхнэртэй нь уулзаж, гурван хүүхдийг нь харахад хэцүү байлаа. Авч яваад байхгүй болгочихсон юм шиг мэдрэмж сэтгэл дотор байгаад л байсан. Цуг явчихаад орхиод ирсэн мэдрэмж бодлоос ер салаагүй.

-Нэг алба хаагч бие нь хоёр хэсэг хуваагдчихаад “Гэрийнхэнд минь гайгүй бэртсэн” гэж хэлээрэй гэж таниар дамжуулуулсан юм уу?

-Үгүй, тийм хүн байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байдаг шиг хэн ч орилж, чарлаагүй. Хэн ч “Намайг авраач” гэж голынхоо дуугаар хашхираагүй. Бүгд л тэвчээртэй, мундаг залуус байсан. Тэгэж амь тавьж, орилохоор ч олон хүн амьд байгаагүй. Бүгд л усаа уугаад, тэвчээртэй байсан даа. Ус их хэмжээгээр уувал хэвтэрт байгаа хүмүүс бие засахаас эхлээд асуудал тулгарч байсан. Тийм учраас ам чийглэх хэмжээний л ус балгаж байсан.

-Та Тэрэлжээс ирээд гэрээрээ орж амжсан уу?

-Би анги дээрээ хоносон. Ойрхон гэртэй хүмүүс нь очиж хоноод, хол гэртээ нь шүхрээ дэлгээд ангидаа хоносон юм. Тэгээд л маргааш өглөө нь шууд ниссэн.

-Гэрийнхэндээ Мандал явлаа гэж хэлсэн үү?

-Тухайн үед утас ховор байсан учраас гэрийнхэнтэйгээ яриагүй. Гэрийнхэн маань намайг осолдсоныг зурагтаар мэдсэн байж магадгүй. Онгоц алга болсон гэдгийг сонсоод л анги руу залгаж, сураг дуулсан байх. Ар гэрийнхэн ямар нөхцөл байдалтай байсныг мэдэхгүй.

-Та ослоос хойш шүхрээр буусан уу?

-Бадамжунай ах бид хоёр эмнэлгээс гараад л шүхрээр бууж эхэлсэн. Би 2010 он хүртэл бууж байгаад биеийн байдал, нурууны бэртлээс болж шүхрээр буухаа зогсоосон. Одоо багшийн ажил хийж байна. Тэнгэрт ёслоод шүхрээрээ буух үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан. Онгоцноос үсрэх мэдрэмж, шүхэр задрах хугацаа, эрх дураараа явах шиг жаргал үгүй. Осолд орсны дараа хэсэг хугацаанд эмчлүүлсэн ч ажлаасаа гарна гэж огт бодоогүй.

-Ослоос амьд үлдсэн алба хаагчид хаана ажиллаж, амьдардаг вэ?

-Х.Сүхбаатар Бельги Улсад эмчлүүлж байгаад тэндээ ажиллаж, амьдрах болсон. Цогжаргал маань гараа тайруулж, хожим нь 10 гаруй жилийн дараа, одоогоос хоёр жилийн өмнө бурхан болсон. Бадамжунай, Пүрэвдорж ах тэтгэвэртээ гараад байна. Одоогоор Онцгой байдлын албанд С.Батдалай, Т.Мөнхтөр бид гурав ажиллаж байгаа. С.Батдалай маань Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, Т.Мөнхтөр Төрийн ордонд ажиллаж байна.

-Талийгаач Цогтжаргалыг сэтгэл санаагаар унаснаас болж есөн давхраас үсэрч байсан гэдэг юм билээ?

-Бид байнга уулзаад байж чаддаггүй байсан. Хаа нэгтээ уулзаж суугаад ярилцдаг л байлаа. Талийгаач есөн давхраас үсрэхдээ ажлаа хийж байсан юм. Тэрний дараа ч ажлаа хийж байгаад л бурхан болсон.

-Жил бүрийн зургадугаар сарын 14-нийг дурсдаг уу?

-Дурсалгүй яах вэ. Хамт мөр зэрэгцэж явсан нөхдөө мөн ч их дурсана. Их хувь заяагаар амьд үлдсэн өөрсдийгөө ч бодно. Нөхдийнхөө хийж бүтээж чадаагүй, амжаагүй бүхнийг эх орныхоо өмнө нэр төртэйгөөр гүйцэтгэхийг л хүсэж байна.  Үргэлжлүүлээд ч явж байгаа. Үүнийг нөхөд минь харж байгаа байх. Эх орныхоо төлөө зүтгэж яваад тэнгэрийн орныг зорьсон нөхдийгөө үргэлж санан дурсаж байгаа шүү… Сайхан залуус, амьдрал ч зохиогоогүй хүүхдээрээ шахуу байсан нөхдөө бодохоор их харамсдаг. Би ч өөрөө тухайн үед ганц бие байсан. Тэрний дараа эхнэртэйгээ учирч, дөрвөн сайхан хүүхэдтэй болсон. Нөхөд минь байсан бол надтай адилхан л амьдарч яваа даа.

-Таны аав шүхэрчин хүн байсан юм билээ. Та аавынхаа шавь уу?

-Би удам дамжсан шүхэрчин. Ийм учраас аав, ээж минь ууган хүүдээ Ганжигүүр гэх нэр хайрласан юм. Талийгаач Ариунсанаа бид хоёр аавын гарын шавь байсан. Шүхрийн спортод аав минь намайг дурлуулсан. Намайг шүхэрчин болоход их баярласан байх. Аав минь байгалийг хамгаалахын тулд амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан. Би ч бас аавтайгаа адил байгалийн төлөө зүтгэж явна.

Сэлэнгэ аймгийн газар нутгийг аав минь нүдээ аниад ч бараг мэддэг болохоор эрлийн багт урьж, оролцуулж байлаа. Аав минь намайг эрлийн багийнхантай хамт хайж байсан гэсэн үг. Нөгөө группын эрлийн баг биднийг олж, тэд буцсан юм билээ. Гэмтлийн эмнэлгийн гадаа аав намайг хүлээж байсан.

 –Эмнэлгийн гадаа аавыгаа олж харсан уу?

-Харсан, миний муу аав торойгоод л байж байсан. Харчихаад “Аав аа, та мундаг шүү” гэж хэлээд эмнэлэг рүү орсон. Би нөхдийнхөө, аавынхаа үргэлжлэл…

-Та удахгүй тэтгэвэрт гарах юм билээ. Албанаасаа гарах нь гэж бодож үзэв үү?

-Хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах эрх үүснэ. Гэхдээ яаран гарахыг хүсэхгүй байна. Мэдсэн сурснаа зааж өгөөд эндээ бужигнаад байж байвал сайхан л байна. Хэрэв гарвал анхаарал хандуулж чадаагүй ар гэртээ цаг заваа зориулна даа.

Эх сурвалж: ergelt.mn

scroll to top