Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Дорнод, Сэлэнгэ, Ховд аймгуудын зарим сумдаар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар дуу цахилгаантай бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 21- 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймаг, Сайншанд сум. 7 дугаар багийн “Нисэх” гэдэг газар суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 21:34 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 21:42 цагт очиж иргэн Х-ны “Приус-30” загварын суудлын автомашин шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ 17 хүн самар түүж байснаас 6 хүн нь 06.08-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд 2 хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд үлдсэн 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 06.15-ны өдрийн 13:20 хөдөлгөөн үйлдсэн бөгөөд 06.16-ны өдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/ нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Тус аймаг дахь Цагдаагийн газрын газраас “Хотгойн рашаан” гэдэг газраас 20 орчим км зайтай отог дээр ирэхэд иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан 2 хүн /1 эрэгтэй, 1 эмэгтэй/ 06.12-ны өдрөөс хойш отог дээрээ ирээгүй тул дээрх 2 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар “Хотгойн рашаан” гэдэг газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж 06.18-ны өдрийн 21:00 цагт тухайн отог дээр очлоо гэсэн мэдээллийг авсан.     

4.Бусад: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 4 дүгээр хороо “Орхон” худалдааны төвийн замын урд баригдаж байгаа барилгын 6 дугаар давхраас цогцос буулгахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 12:57 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22 км замыг туулан 13:04 цагт очиж тус барилгын 6 дугаар давхраас иргэн Д /24 настай, эрэгтэй/ олсоор боомилогдсон байдалтай нас барсан байсныг 36 минут ажиллан цогцсыг буулгаж тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top