2003 оны 06 дугаар сарын 20-ны энэхүү түүхэн өдөр Монгол Улсын Их хурлаар Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлуулснаар орчин цагийн Онцгой байдлын байгууллага байгуулагдах үндэс суурь тавигдаж байлаа.
Гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын байгууллагын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байнга хамтран ажилладаг Монгол Улсын Засгийн газар, гамшгаас хамгаалах улсын албад болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн тусалж дэмждэг улс орон, олон улсын байгууллагууд, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, эх орон, байгаль дэлхий, ард иргэдээ болзошгүй аюул, ослоос авран хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай албыг хөгжүүлж, дэлхийн чиг хандлагад нийцүүлэх, Онцгой байдлын байгууллага, түүний харьяа анги, салбарыг олон улсын жишигт ойртуулан орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхэд сэтгэл, оюунаа чилээн удирдан манлайлан ажиллаж байсан үе, үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, нийт алба хаагчид, хамтран зүтгэгч Та бүхэнд Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17 дахь жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
Өнөөдөр Онцгой байдлын байгууллага улс орны тэргүүлэх салбарын нэг болтлоо хөгжин бэхжиж, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист хүн ардынхаа аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй аюул, ослоос хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн улс орныхоо нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирлээ.
Энэ хугацаанд албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, аврах, гал түймэртэй тэмцэх материаллаг бааз, хүч хэрэгслийг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах техник, тоног төхөөрөмжийн нөхөн хангалтыг үндэсний хэмжээнд 20 гаруй хувиар өсгөж, парк шинэчлэлтийг 60-70 хувьд хүргэн 50 орчим анги, салбар шинээр байгуулан тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнээр эгнээгээ тэллээ.
Өнөөдөр л гэхэд Онцгой байдлын байгууллага нисэх нэгжтэй болох эхлэл хэдийнэ тавигдаж, Монгол Улсын Засгийн газар, Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж ажилласнаар аврах ажиллагаа, яаралтай тусламжид ашиглах нисдэг тэрэгний түрүүч нь ирээд байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 15,4 сая еврогийн өртөг бүхий 14 төрлийн нийт 71 автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж, хүлээн авснаар техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал 55,2 хувьд хүрч байгааг Онцгой байдлын байгууллага байгуулагдсан түүхэн энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Онцгой байдлын албаны алба хаагчид маань энэ хугацаанд 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Эдүгээ цагт ч Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бид Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэйгээ хамтран коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын эсрэг тэмцэж байна.
Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын чуулганаар батлуулснаар 2021 оноос эхлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь болж, алслагдсан аймаг, сум, суурин газарт томилогдон ажиллах байгаа алба хаагчид улирал тутам үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл, албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгож эхэллээ.
Цаашид ч бид ололт, амжилтаа улам бататган, аварна, хамгаална, сэргийлнэ гэсэн ардынхаа бидэнд итгэсэн итгэлийг дааж, тусламж эрсэн бүхний авралын гар нь болж, тусгай албаныхаа нэрийг өндөрт өргөн, авсан үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн та бидний үйл хэрэг улам их амжилтыг дагуулж, мөнхөд дуурсах алдартай байна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үүсч байгуулагдсаны ойн өдрийн мэндийг дахин дэвшүүлж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон хувиасаа, эрүүл энх, аз жаргал, ажлын их амжилтыг хүсэн ерөөе.
Эр зориг, тэсвэр хатуужил, золбоо хийморь төгөлдөр хүмүүнлэгийн албаны яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.