Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс 5-10 м/с, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-ны өдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 22-23-ны өдөр Алтайн салбар уулсаар 13-15 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Гэр амралт”-ын газарт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 15:25 цагт очиход иргэн М-ын “Муссо” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарам, Булгын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан 16:10 цагт очиход иргэн Р-ын 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн 503 дугаар байрны зүүн талд шинээр баригдаж байгаа барилгын хаягдал материал шатаж байна гэсэн дуудлагыг 06.20-ны өдрийн 21:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2.2 км замыг туулан 21:40 цагт очиж, барилгын хаягдал материал шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Голын усанд суусан: Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Цонжин болдог” гэдэг газар 4 зорчигчтой суудлын автомашин “Туул” голын усанд суусан тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 19:46 цагт хүлээн авсан. Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 20:24 цагт очиход нийслэлийн Баянгол дүүргийн харьяат А-ын жолоодож явсан “Ландровер” загварын суудлын автомашин “Туул” голын усанд сууж, жолооч А /33 настай, эрэгтэй/, зорчигч М /34 настай, эрэгтэй/, Ю/21 настай, эмэгтэй/, Ж /21 настай, эмэгтэй/ нар автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг аврах завь ашиглан аварч, аюулгүй газарт гаргасан. /Автомашиныг нь татан гаргах боломжгүй байсан тул орхисон/

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Гурван салаагийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 104 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ 5 зорчигчтой суудлын автомашин “Орхон” голын усанд суусан тухай дуудлагыг 06.20-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 20 км замыг туулан 21:40 цагт очиход Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Хужирт сумын “Төвхөн хийдийн чиглэлд Х-ийн жолоодож явсан “Румион” загварын суудлын автомашин “Орхон” голын усанд суусан /5 хүн голын эрэг дээр өөрсдөө гарсан байсан/ байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Байшинт уулын “Хотгойн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ 17 хүн самар түүж байснаас 6 хүн нь 06.08-ны өдөр явганаар хүнсэнд яваад буцах замд 2 хүн нь ядарч эцээд замд үлдсэн бөгөөд үлдсэн 1 хүн нь нас барсан, 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар очих явцад 06.16-ны өдрийн 16:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч /50 настай, эрэгтэй/ нь отгоосоо 4 км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн. Эрлийн бүлэг “Хотгойн рашаан” гэдэг газраас 20 орчим км-ын зайтай байдаг отогт 06.17-ны өдрийн 17:08 цагт очиход иргэн Ч-г эрэн хайх ажиллагаанд оролцож байсан Дархан-Уул аймгийн харьяат П/50 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн харьяат П /56 настай, эрэгтэй/ нар 06.12-ны өдрөөс хойш отог дээрээ ирээгүй, сураггүй болсон тухай мэдээллийн дагуу тухайн 2 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар “Хотгойн рашаан” гэдэг газрын чиглэлд хөдөлгөөн үйлдэж, 06.18-ны өдрийн 21:00 цагт отогт нь очсон. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулсанаар 06.19-ний өдрийн 13:35 цагт “Байшинт-Уул” гэдэг газраас эсэн мэнд олсон. Эрлийн бүлэг 06.20-ны өдрийн 00:00 цагт ангийн байрлалд ирсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top